Хүүдээ бичсэн Аавын захидал...


Хүү минь сонсооч, эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье.... Чи минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь хөлрөөд буржгар үс чинь наалдчихаж. өрөөнд чинь яг л хулгайч шиг сэмхэн орж ирлээ. Хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаад сонин уншиж байхдаа чиний өмнө буруутай юм шиг санагдаад явчихлаа. Буруу зүйл хийчихсэн гэдгээ мэдрээд орлуу чинь дөхлөө. Аав нь юу бодсоноо хэлье. өглөө их ууртай байснаа санаж байна. Сургуульдаа явах гээд хувцсаа өмсөж байхад чинь зэмлэж орхисон.... Яагаад гэвэл хүү минь чи нүүр гараа угаах гэж зүгээр нойтон алчуураар арчсан байсан. Гутал чинь шороотой хэвээрээ байхыг хараад чамаар цэвэрлүүлсэн.... Зарим дэвтэр номоо хайш яайш тараачихсан байхаар чинь муухай орилсон.... Цайгаа ууж байхад чинь маш олон дутагдалыг чинь олж харлаа. Асгаж цутгаад, амандаа хийсэн хоолоо зажилахгүй залгиад, талхан дээр цөцгийн тосоо зузаан гэгч нь түрхээд.
Чи тоглохоор явна, харин би унаандаа амжих гээд. Аавруугаа харснаа гараараа даллан “ааваа баяртай” гэхэд чинь цэх зогс гэж чамд тушаасан.
Орой байдал өөр байсан. Гэртээ харих замдаа чамайг газар явган суугаад найз нартайгаа бөглөө тоглож байхыг чинь харсан. Оймс чинь урагдчихсан байсан. Найз нарын чинь хажууд чамайг зэмлээд гараас чинь татан гэрт оруулсан. Тэгээд энэ оймс их үнэтэй. Оймстой байя гэвэл гамтай байхгүй яасан юм гэж загнасан.
Хүү минь төсөөлж байна уу. Эдгээрийг чамд аав чинь хэлсэн. Санаж байна уу. Тэгээд дараа нь ажлынхаа өрөөнд орсон. Нүднээс чинь гомдол харагдаж байсан. Ямар нэгэн зүйл хийх гээд чадахгүй байгаа бололтой. Харин би “чи яах гээв ” гэж чамруу хашгирсан. Юу ч хэлэлгүй хүү минь гүйж ирээд хүзүүгээр минь тэврээд намайг үнссэн. Тэр нь гэхдээ хайр дүүрэн үнсэлт байсан. Тэгээд гүйгээд явчихсан. Барьж байсан цаас минь гараас уналаа. Би чинь юу хийчихвээ үргэлж л хүүгийнээ алдааг олж хараад байх юм гэж бодсон. Аав нь чамайг ингэж л “шагнасан” шүү дээ. Чамд хайргүйн учраас биш, чамаас их зүйлийг л хүлээж байсан болохоор тэр шүү дээ. Чамайг өөрийнхөө насны хэмжээнд л дүгнэж байсан байна. Гэхдээ чамд минь олон сайхан чанар байдаг. Сэтгэл чинь үнэхээр цайлган. өнөөдрийн үнсэлт чинь үүнийг баталж өгч байна. Харанхуйд орны чинь өмнө сөхөрч суугаад үнэхээр ичиж байна. Эдгээрийг чамайг сэрүүн байхад чинь хэлээд ч ойлгохгүй гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ маргаашаас эхлээд жинхэнэ аав байхаа амлая. Чамтай тоглоно. Чамайг гомдоход хамт гомдон, чамайг инээхэд хамт инээнэ. Таагүй зүйл хэлэхээр бол хэлээ хазъя. өөрөө өөртөө “энэ чинь хүүхэд шүү дээ” гэж сануулж байя. Аав нь хүүгээ том хүн шиг бодож байж. Гэвч чи минь жаахан хүүхэд. Дөнгөж өчигдөрхөн л ээжийнхээ тэвэрт байсан. Сэвлэгийг нь үнэрлээд л баймаар. Толгойгоороо мөрийг нь дэрлээд л, шшш... үр минь чамаас ямар их юм шаардаж байсан юм дээ.
Хүмүүсийг шүүмжлэхийн оронд тэднийг ойлгохыг хичээгээрэй... !!! Юу хийхийг хүссэнийг нь ойлго. Дотно байж, хүлцэнгүй эелдэг байх нь шүүмжлэхээс хавьгүй илүү нөлөөтөй. Ойлгоно гэдэг уучласных . бүү шүүмжил, бүү зэмлэ, бүү буруутга..

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх