2018 оны 05 дугаар сарын 14-ний 20 цагаас 05-р дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө баруун хойноос зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 9-14 метр, өдөртөө баруун хойноос зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.

2018 оны 05 дугаар сарын 16-наас 05 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд Алтай, Хангайн уулсаар, 17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр, 18-19-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Өрнийн зурхай 

Аргын тооллын 5 сарын 15, Ангараг гараг. Билгийн тооллын битүүн, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах нь” зөвлөлдөх уулзалт болно.

09.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй ажил хаялтын өмнөх суулт үргэлжилнэ.

09.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборт нисэхийн салбарын спортын аварга шалгаруулах спорт тэмцээн эхэлнэ.Утас:91912343

09.00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Нийслэлийн 152 хорооны хэсгийн байцаагчийн уулзалт зөвлөгөөн болно.

10.00 цагт “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд итгэл, урам зориг хайрлах зорилго бүхий “ХАМТДАА ХАЙРЛАЯ-2018” аялал Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөдөлнө. Утас: 99201103, 99851606

10.00 цагт ХХААХҮЯ-нд "Хүүхдэд зориулав 2018" үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт Гэрлэх ёслолын ордонд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг НОБГ-аас “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны 4 дүгээр сарын нөхцөл байдлыг танилцуулна.

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газаарт ХЗДХЯ, ЦЕГ, ОБЕГ-аас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт УУХҮЯ-нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “130/80” өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Г” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх