Хан хуурын чавхдас тасрах мэт халхын хоёр эрхэм хорвоог орхилоо


Монголын сор болсон хоёр гайхамшигт хүмүүн Хан хуурын чавхдас тасрах мэт хорвоог орхин одлоо. 

Ардын их хурлын орлогч дарга, Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цогтой тэмцэгч Цогт-Очирын Лоохууз тэнгэрийн орноо оджээ. Тэрбээр 1923 онд Говь-Алтай аймгийн Чандмань суманд мэндэлсэн. Бага дунд сургуулиа төгсөөд, 1939 онд Санхүүгийн Техникум, 1942 онд Намын дээд сургууль, 1953 онд ЗХУКН-ын дээд сургуулийг төгссөн байна. 

Ц.Лоохууз Говь-Алтай аймгийн намын төв хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. Намын төв хорооны САА-г удирдах газрын дарга, ХАА Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж,"Атар газар" эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулжээ. ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан билээ. Тэрээр "коммунист" суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн. Цогт-Очирын Лоохууз нь АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон юм.Цогт-Очирын Лоохууз бол "коммунист"суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн ч төрийн тэргүүнд дэвшиж явсан домогт эр байлаа. 

Таны хийсэн бүтээсэн Их үйлсийг тань Монголын ард түмэн үүрд санан дурсах болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Нүд шүд нь үгүй болохын цагт 
Нүүдлийн шувуудын гунганааг харж сонсож чадахгүй болно
Нүүдлийн шувуудыг харж чадахгүй болохоор 
Нүгэлт хорвоогийн үнэн худлыг дэнсэлж үл чаднам
Цагтаа аархаж сумын зааныг хамраар нь газар анжисдаж явсан булчин ц
Цагийн эрхээр сульдаж аягатай цайгаа ч даахгүй болох юм
Үнэний төлөө үзэн ядалтын далайг сөрж сэлсэн зүрх зориг
Үнэнд бус цаг хугацаанд боолчлогдон сөхөрч унахыг үзлээ
Гандаж гундадгүй сэтгэл минь ч Гантай зуны тариа шиг үйрэх юм 
Ганцхан тохиосон насны амьдрал минь бүүдгэр түүдгэр зүүд шиг санагдана
Эрслэн барсын зүрхтэй явсын яадгын би
Эр хүн шиг эрвэлзсийн би яадгийм
Эцсийн бүлэгт нь хөгширсийм би яадгийн
Цагийн эрхэнд гундаж
Цаг хугацаанд дарлагдсан юм одоо яахав дээ...Ц.Лоохууз. 

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр таалал төгслөө.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул А.Эрдэнэ-Очир найрагч  Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдан, хүлээн  зөвшөөрөгдсөн энэ цагийн   шилдэг уран бүтээлч байв.

Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм. 

Мөн тэрээр шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.

Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүй
Цээжний минь алсад ЭХ ОРОН минь бий А.Эрдэнэ-очир хэлж байсан юм. Тэр тийм л агуу найрагч байлаа.

Түүнчлэн өөрийн  бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байв.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Патриот 2018 05 сар 15

Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий сайд Хүрэлсүх хоёроос Монголын ард түмэн энэ Төрийг цэвэрлэх ажлыг хүлээж байна. Хүсэл, зүтгэл, зориг байвал энэ 2 хийж чадна. Тэгвэл Монголын ард түмэн Та хоёрт алтан хөшөө босгоно. Эсвэл луйварчин, хулгайч,урвагч нарыг аялдан дагалдвал Та хоёр тэднийхээ хойноос эрт