Монголчууд Ой тогтоолтын дэлхийн аварга боллоо


 

Монголчууд оюуны бядтай гэдгээ сүүлийн хэдэн жилийн турш тив, дэлхийд харуулсаар ирсэн билээ. Тэгвэл энэ сарын 1-ээс 3-ны хооронд Индонези улсын нийслэл Жакарта хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд Монгол  Улс багийн дүнгээрээ Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо.Тодруулбал Монголын баг нийт 90 медалийн 57-г хүртэн үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Тус тэмцээнд өндөр чансаатай 21 орны 130 гаруй тамирчин харааны болон сонсголыг сорьсон ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлсэн юм. Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл медаль буюу тэмцээний нийт 90 медалиас 57 медалийг нь хүртэн багийн дүнгээр 22531 оноо цуглуулан үнэмлэхүй ялалт байгууллаа. Мөн насанд хүрэгчдийн ангилалд "Олон багц хөзөр" төрөлд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, "Нэр-зүс царай" болон “Зураг” төрөлд ОУ-ын Их Мастер В.Янжаа, өсвөр насанд "Түүхэн үйл явдал", "Хурдны хөзөр", “Хоёртын тоолол” болон “Олон багц хөзөр” төрлүүдэд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам нар дэлхийн 7 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба Олон Улсын Их Мастерын болзлыг Б.Намуун, С.Марал, Н.Намуундарь Д.Сайханбилэг Б.Ариунбилэг, М.Уянга нар хангаж цол хүртсэн бол Н.Мөнхшүр, Н.Энхшүр, В.Янжаа нар ОУ-ын Их Мастерын зэргээ ахиуллаа. 

Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны 1, ОУ-ын Их Мастер, Америкийн тамирчин Alex Mullen 9055 оноогоор Дэлхийн аварга болж дэд байранд ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 7880 оноо, гутгаар байранд ОУ-ын Их Мастер В.Янжаа 7425 оноогоор тус тус шалгарсан байна. Мөн өсвөр насанд нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6959 оноогоор тэргүүлсэн бол дэд байранд ОУ-ын Их Мастер М.Уянга 5552 оноо, гутгаар байранд ОУ- ын Их Мастер Б.Намуун 5302 оноогоор удаах байруудыг эзэлжээ. Энэ удаагийн Монголын шигшээ багт Дархан-Уул, Хөвсгөл болон Орхон аймгийн тамирчид багтаж дэлхийн аваргаас медаль хүртсэн байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх