"Там" болсон зам аа, хэзээ засах юм бэ...


 

​"Там" болсон зам гэж та бид цөөнгүй сонсож байсан. Гэхдээ тэр нь хөдөөгийн зам л даа. Гэтэл энэ зовлон хот хүрээ газар ч бас байна аа. Хэдийгээр хотын баруун, урд, хойд захуудаар өргөн сайхан зам тавьсан болов ч зүүн чиглэлийн замын асуудлаа шийдэж чадалгүй зуун жилийн хагасаас илүү хугацааг үдэж байна. Тодруулбал Замын-үүд чигтэй ОУ-ын зам, зүүн аймгийг холбосон мянганы зам, захын дүүргүүд рүү чиглэсэн аж үйлдвэрийн анхны хот болох Налайхын зам өдгөө 65 нас хүрлээ. Лав дөрвөн ч удаагийн сонгууль дамнаж, нэр дэвшиж буй нөхдүүдийн амлалт болж буй. Гэтэл зам засна, тавина гэж амласнаараа сонгогдсон нөхдүүд одоо ор сураггүй, таг чиг байсаар л...Лав УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг Японы буцалтгүй тусламжаар дөрвөн эгнээ зам барина гэсээр хоёр ч сонгууль дамнасан. Харин зам нь чанартай тулдаа өдийг хүртэл даац ихтэй машинуудын "хөлд" дарагдчихалгүй тэсэж байгаа ч бас цагийн эрхээр элэгдэж, цоорсоор байна. Өнгөрсөн оноос уг нь зам тавих сураг дуулдаж, газар чөлөөлөлт хийгдсэн болов ч бас л ажил эхлэхгүй өдийг хүрэв. Манай зүүн зүгийнхэн зам тавих сургаар хөл хөөрцөг болж, тун ч тэвчээртэй хүлээсэн дээ. Одоо тэд маань ч бүр шатандаа орж байх шиг байна. Шинэ замыг хүлээх нь эдийн засаг, цаг хугацаа, амь насны хувьд ихээхэн эрсдэлтэй байдаг гэдгийг олон хүн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу.

Саяхнаас "Хонхор"-ын наад талын замыг хаалт хийж, овоо засварлаж байгаа дүр зураг харагдсан ч энэ нь бас л нүд хуурсан ажил бололтой. Учир нь тус зам хагарч, цоорч, машин явахын аргагүй болсон учраас холбогдох байгууллага нь хаалт тавьсан аж. Уг нь засах гэж л хаалт тавьсан баймаар. Хаалтаа тавиад л мартчихсан бололтой дог оо. Хүмүүсийн ярих нь гадны орнуудад унтаад сэрэхэд л зам нь засагдчихсан байдаг гэлцдэг. Харин манайд бол энэ мэт хаалт тавиад л мартчихдаг нөхдүүд олноос олон гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Налайхын зам бол дотоодынхон төдийгүй гадны жуулчид Тэрэлжийг зорихдоо зорчдог гол зам. Ядаж өөрийнхнөөсөө байг гэхэд хүний нутгийнхнаас ичих "нүүр"-тэй баймаар юм даа. Тэгээд бас болоогүй Улсын нийслэл Улаанбаатар хотын зам гээд байгаа. Наана чинь аймгууд хэдэн эгнээ замыг хэд хэдээр нь тавиад болоод л байгаа шүү дээ, Хотын дарга аа...

Зуны дэлгэр цаг болж хүн бүр амралт зугаалга, аялал гээд авто замын ачаалал ихэссээр л. Гэвч манай АЗЗА-ийн нөхдүүд "хаашдаа солихоос хойш" гээд л хаячихав бололтой. Өнгөрсөн онд салбарын сайд нь ирээд л "Баянзүрхийн товчоог авч хаяна" гээд л "бүлт, бүлт халаад" оновчтой шийдвэр гаргалаа гээд олны талархлыг мөн сайн хүлээсэн дээ. Гэвч одоо хэрэгжсэн юм алга. Ер нь амаар ажил явдаг бол ч манай улс аль хэдийн бид хөгжчихсөн шүү.

Х.Бат

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх