Д.Сэржмядаг охин алга болоод зургаан сар өнгөрлөө


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг нь 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш 217 хоног буюу зургаан сар тав хоног өнгөрөөд байна. Д.Сэржмядаг охин хамгийн сүүлд алга болдог өдрийнхөө 12.30 цагийн үед ээжийнхээ утас руу дөрвөн удаа залгасан боловч ээжийнх нь утасны цэнэг нь дуусч байсан учраас авч чадаагүй гэдэг. Хэсэг хугацааны дараа ээж нь охин руугаа залгахад охины утас холбогдохгүй болсон байжээ. Манай сайт өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр охины ээж Б.Хоролмаатай утсаар холбогдож, зарим зүйлийг тодруулж байсан билээ.

Тэрбээр хэлэхдээ "Эрлийн үйл явц хэвийн явагдаж байгаа. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан охиныг минь хайж байгаа. Бусад байгууллага болох ХХЕГ, ТЕГ болон үндэсний аюулгүй байдал гэх мэт бусад байгууллагууд хайж байгаа" гэж байсан билээ. Үүнээс хойш бүтэн гурван сар өнгөрөөд байхад ямарч сураг ажиг гараагүй байна. 

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Мөрдөн байцаах газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажлыг байнга хийж байгаа. Хэргийн шалгалтын ажиллагаа тасралгүй үргэлжилсээр байгаа” гэв.

Ар гэрийнхэн нь арга мухардахгүй аль сайн гэсэн удган, бөө, лам нараар төлөг тавиулахаар “халуун энерги мэдэгдэж байна, охин тань нутгийн зүүн хойд зүгт байна “ гэх зэрэг хариултыг хэлдэг байна. 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх