Дэлхийн гуравны нэгийг өөртөө элсүүлж чадсан ШХАБ-тай танилц...


Өнгөрсөн долоо хоногт Улсын хурлын чуулган гурав дахь өдөр хаалттайгаар ээлжит бусаар хуралдаж, дөрөв дэх өдрийн ээлжит чуулган ч мөн л хаалттайгаар үргэлжилсэн юм. Ийн хаалттай бүхэл бүтэн хоёр өдрийн турш хуралдсан нь чухам ямар асуудал хэлэлцэв гэдэг нь мэдээж хэвлэлийнхнийг анхаарлыг татсан. Тэгвэл ихэд нууцлан хаалттай хуралдсан асуудал нь л Монгол улс БНХАУ-ын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэхийг хэлэлцсэн болж таарсан юм. Хэзээнээсээ л хонь, чоно явж ирсэн өмнөд хөрштэйгөө эдийн засаг, худалдааны асуудлаар нэг хөнжилд орохыг завдаж буйд мэдээж нийтээрээ дургүйцэх нь дамжиггүй ээ. Олон нийтийн цахим хэрэгслээр нэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-т элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг өрнөж, бараг амтай болгон л энэ талаар дуугарч байна гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Гэвч бид ШХАБ-ын тухай хэр мэддэг билээ... 

ШХАБ буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай танилц...

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) нь  2001 онд байгуулагдсан засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Тус байгууллага нь гишүүн болох 8 (Казахстан, Кыргыз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг), ажиглагч 4 (Афганистан, Беларусь, Иран, Монгол), яриа хэлэлцээрийн түнш 6 (Азербайжан, Армян, Балба, Камбож, Турк, Шри-Ланка), дээд түвшний уулзалтын зочин 6 (АНУ, АСЕАН, ЕАЭЗХ, НҮБ, Туркмен, ТУХН), ажиглагч болохоор өргөдлөө өгсөн 4 (Бангладеш, Египет, Израиль, Сири), нийт 28 улсыг хамруулсан томоохон байгууллага билээ. Дэлхийн гуравны нэг нь тус байгууллагад элссэн гэгддэг.

ШХАБ-ын 2002 онд батлагдсан дүрмийн зургаадугаар зүйл зааснаар шийдвэрийг гишүүн орнуудын нийтийн тохиролцоогоор буюу консенсусаар гаргадаг. ШХАБ-ын Дүрэмд зааснаар энэ байгууллагын үндсэн зорилго нь гишүүн улсуудын хооронд итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх; бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх; терроризм, сепаратизм, экстремизм болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх; улс төр, худалдаа-эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

ШХАБ дараах үйл ажиллагааг явуулдаг...

“ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратеги”-д тодорхойлсноор ШХАБ дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Улс төрийн харилцан ажиллагаа: Гишүүн орнуудын харилцан итгэлцэл, сайн хөршийн харилцаа, улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор жил бүр төр, засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд нар уулзан тунхаг, мэдэгдэл, хамтарсан коммюнике, хэвлэлийн мэдээ гаргадаг.
Аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа: Бүс нутгийн хэмжээнд терроризм, сепаратизм, экстремизмтэй тэмцэх нь ШХАБ-ын анхны гол чиглэл байсан бөгөөд 2001 онд Терроризм, сепаратизм, экстремизмтэй тэмцэх тухай Шанхайн конвенц байгуулсан. Эдүгээ бүс нутгийн аюулгүй байдлыг хангах талаар хамтран ажиллах зорилгоор 2004 онд Мансууруулах бодис хууль бусаар худалдаалахтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, 2005 онд Гамшгийн үед харилцан туслах хэлэлцээр, 2006 онд Террорист, сепаратист, экстремист ажиллагаатай холбогдсон этгээдийг илрүүлж нэвтрүүлэхгүй байх талаар хамтран ажиллах хэлэлцээр, 2007 онд Гаалийн хэргийн талаар хамтран ажиллах, харилцан туслах хэлэлцээр, 2008 онд Буу зэвсэг, дэлбэрэх зүйл хууль бусаар худалдаалахтай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, 2009 онд Терроризмын эсрэг ШХАБ-ын конвенц, Олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, 2010 онд Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр, 2015 онд Хилийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан, Ташкентад Терроризмын эсрэг бүсийн бүтэц ажиллаж байна, батлан хамгаалах, онцгой байдлын сайд, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын удирдлага тогтмол уулздаг.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа: 2003 онд Худалдаа, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр, 2010 онд Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, 2014 онд Олон улсын авто тээвэрт таатай нөхцөл бүрдүүлэх хэлэлцээр, 2016 онд Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр, “ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратеги”-ийг 2016-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг байгуулсан бөгөөд жил бүр эдийн засаг, тээврийн сайд нар болон Эрчим хүчний клуб уулздаг, мөн засгийн газар хоорондын бус Ажил хэргийн зөвлөл, Банк хоорондын холбоо ажиллаж байна. Цаашид ШХАБ-ын Банк, Хөгжлийн сан, чөлөөт худалдааны бүс, худалдааг хялбарчлах хэлэлцээр, зам хөгжүүлэх хөтөлбөр, тээврийн коридоруудыг байгуулж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, төслүүдийг санхүүжүүлэх механизмыг бүрдүүлэх талаар яриа хэлэлцээ явагдаж байна.
Соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа: 2006 онд боловсролын салбарт, 2007 онд соёлын салбарт, 2013 онд шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрүүдийг байгуулсан бөгөөд соёл, боловсрол, эрүүл мэндийн сайд нар уулздаг, ШХАБ-ын Их сургууль, ШХАБ-ын Форум ажиллаж байна.
Олон улсын хамтын ажиллагаа: ШХАБ нь НҮБ, ТУХН, АСЕАН, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Олон улсын улаан загалмайн хороо, Евразийн эдийн засгийн холбоо, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай хамтран ажилладаг.ШХАБ-ыг анх байгуулагдсан үеэс нь цэрэг-улс төрийн эвсэл болох нь гэсэн болгоомжлол олон улсад байсан. 2015 онд “ШХАБ-ыг 2025 он хүртэл хөгжүүлэх стратеги” батлагдаж, 2017 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн, барууны орнуудтай найрсаг харилцаатай Энэтхэг ШХАБ-д гишүүнээр элссэнээр энэ болгоомжлол үндсэндээ арилсан гэж судлаачид үзэж байна. Уг стратегид тодорхойлсноор ШХАБ-ыг улс орнуудаас илүү эрх мэдэл бүхий цэрэг-улс төрийн эвсэл буюу эдийн засгийн интеграцын бүлэглэл болгохгүй ажээ. Евразийн бүс нутагт 2003 онд байгуулагдсан “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” гэж Армян, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан оролцсон цэрэг-улс төрийн эвсэл байгаа юм.
ШХАБ-ын Дүрмийн 2 дугаар зүйлд зааснаар ШХАБ нь бусад улс, олон улсын байгууллагын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа, тэр тусмаа цэргийн үйл ажиллагаа явуулахгүй. ШХАБ-ын цэрэг, аюулгүй байдлын хамтын ажиллагаа нь бүс нутагтаа терроризм, сепаратизм, экстремизм болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэхэд чиглэж байна. ШХАБ 2011-2015 онд бүс нутагт төлөвлөж байсан 20 гаруй террорист халдлагыг таслан зогсоож, терроризмтой холбоотой 650 гэмт хэргийг илрүүлж, 440 террорист төвийг устгаж, террорист бүлэглэлийн 1700 гаруй гишүүнийг илрүүлэн саармагжуулсан гэж НҮБ-аас мэдээлсэн байна.

ШХАБ нь НҮБ-ын Ерөнхий ассамблейд ажиглагчийн статустай бөгөөд НҮБ-тай хамтарсан тунхаг байгуулан хамтран ажиллаж байна. Европарламент 2015 онд ШХАБ-тай хүний аюулгүй байдал, хилийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах дүгнэлт гаргасан байна. 

Бид ШХАБ-т элсэнэ...

Монгол Улс тус байгууллагын анхны ажиглагч орон. Харин 10 жил ажиглагчаар явсан Монголыг жинхэнэ гишүүн болгох яриа энэ хавраас цухалзах болсон. ШХАБ буюу Тус байгууллагад элсэх эсэх талаар хоёр өдөр хуралдсан УИХ-ын гишүүдийн 90 хувь нь зөвшөөрсөн гэсэн мэдээлэл байгаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих юм. Ингэснээр Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийн зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ" хэмээн ШХАБ-т элсэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл Төрийн тэргүүний саналыг Засгийн газар дэмжихээ илэрхийлснээр Ерөнхий сайд ч элсэхийг дэмжиж буй нь тодорхой болсон юм. Ийн Монголчууд бид урд хөршийнхөө алдарт Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь тодорхой болоод байна. 2014 онд болсон Душанбегийн хуралдааны үеэр Монгол-ОХУ-БНХАУ-ын тэргүүн нарын уулзалтаар хөрш орны тэргүүн нар Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн орон болохыг дэмжихээ илэрхийлж байсан удаатай. Харин үүнд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголд ажиглагчийн статус хангалттай” хэмээн хариулж байсан билээ.

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 06 сар 08

шанхайН ХАБ элсэх нь ёстой хятадын эрх мэдэлд орсонтой агаар нэг болноо