Тендерийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барилаа

Улс төр Admin Галаа 2018 06 сар 08 294

Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өнөөдөр /2018.06.08/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Үүнээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага, хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарч, хууль шүүхийн байгууллагад хандсаар байна гэж төсөл санаачлагч дурдав 

Одоогийн хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймд чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгохыг зорьжээ. 

Мөн сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасныг хүчингүй болгохоор тусгажээ. 

Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хардлагыг нийгэмд төрүүлсээр ирлээ. Үүнийг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг нэмжээ.

Монгол улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн их ашигласан тендер ирүүлсэн этгээд буюу дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх