НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Н.БАТСҮМБЭРЭЛ “ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ИЙН НЭЭЛТ, ШАВ ТАВИХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО


Гэр хорооллын бүсэд хэсэгчилсэн буюу бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл нь иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй, тохилог орчин бий болгох үндсэн шийдэл юм.

Өнөөдөр буюу 06 дугаар сарын 08-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны сонгогдсон байршилд эхний “Дэд бүтцийн төв”-ийн нээлт, шав тавих ёслол боллоо. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Гэр хороолол дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг болон бусад албаныхан оролцлоо.

Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их нягтралтай хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт барьж байгуулах “Дэд бүтцийн төв” төсөл нь хамгийн эхний загвар төсөл болох юм.

Уг төслийг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бөгөөд дараагийн сонгогдсон байршил болох Сүхбаатар дүүргийн 18-р хорооны “Дэд бүтцийн төв-ийг Барилга хот байгуулалтын яамны санхүүжилтээр хийх юм.

Дэд бүтцийн төв төсөл хэрэгжсэнээр иргэд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан орон сууцны айл өрхтэй адил тав тухтай тохилог амьдрах боломжтой юм.

Н.Батсүмбэрэлийн хувьд 2016 онд Чингэлтэй дүүргийн 6, 7, 8-р хорооноос сонгогдсон НИТХ-ийн Тэргүүлэгч бөгөөд хорооныхоо иргэдийн амьдрал ахуйг сайжруулах, шаардлагатай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг шийдэх тал дээр олон ажил санаачлан дэвшүүлж, хэрэгжүүлж эхэлж байгаагийн нэг нь энэхүү “Дэд бүтцийн төв” төсөл юм. Тэрээр Чингэлтэй дүүргийн 7-р хороог “Дэд бүтцийн төв” төслийн хамгийн эхний загвар хороо болгох саналыг дэвшүүлэн ийнхүү хэрэгжүүлж чадсан юм.

Нээлт, шавь тавих ёслолын арга хэмжээний үеэр тэрээр хэлэхдээ: “Энэ төсөл бол Улаанбаатар хот төдийгүй Монгол улсад эхэлж буй хамгийн анхны “Дэд бүтцийн төв” юм. Энэ “Дэд бүтцийн төв”-өөр дамжуулж Монголын гэр хорооллын иргэдийн цэвэр, бохир ус, халуун ус, дулаан, цахилгааныг иж бүрнээр нь шийдэх олон төслүүд цааш үргэлжлэн хэрэгжих юм. Амласан бол ажил болгох ёстой. МАН Улаанбаатар хотод амласан ажлуудаа шат дараатай хийж хэрэгжүүлж эхэлж байна. Улсын хэмжээнд хийгдэж буй анхны “Дэд бүтцийн төв”-ийг энэ хороонд хийхэд дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн арга хэмжээнд оролцож буй нийт зочдод хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Дашчойлон хийдийн лам нар ном айлтган ерөөл хэлсэн бөгөөд мөн ирсэн зочид, төлөөлөгчид “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалтын ажлын анхны шавийг тавин мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх