Доналд Трамп, Ким Жон Ун нар Сингапурт уулзахаар газарджээ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ким Жон Унтай уулзахаар Сингапурт очжээ. Түүхэн уулзалт маргааш Сентоза арлын таван одтой Капелла зочид буудалд болох юм. 

Д.Трамп хувийн онгоцтойгоо Сингапурын Пайа Лебар Агаарын хүчний баазад орон нутгийн цагаар 8:21 цагт газардсан байна. Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан түүнийг угтан авчээ. 

Албан ёсны дээд хэмжээний уулзалт болохоос өмнө тэд хоорондоо уулзах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ бол БНАСАУ-ын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийх анхны түүхэн уулзалт болох юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хувьд Д.Трампаас 5 цагийн өмнө Эйр Чайна Боинг 747 онгоцоор Сингапурт хүрэлцэн ирсэн билээ. Төрийн тэргүүний хувиар тэрээр анх удаагаа ийм хол айлчлал хийж байгаа юм. 

Түүнийг Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан угтан авсан ба твиттер хуудаснаа Хойд Солонгосын удирдагчтай гар барьж буй зургаа, “Сингапурт хүрэлцэн ирсэн Ким Жон Ун даргыг угтан авлаа” хэмээн бичин нийтэлжээ. 

Вашингтоны зүгээс уулзалтын үр дүнд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр бүр мөсөн зогсох үйл явцын эхлэл тавигдана гэж найдаж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх