“ШИНЭ ЦАГИЙН НҮҮДЭЛЧИД” малчдын хөтөлбөрийн шилдэг есөн оролцогч тодорлоо


Бид дэлхийн сүүлчийн нүүдэлчин үндэстэнд зүй ёсоор тооцогдоно. Уламжлагдан ирсэн нүүдлийн соёл иргэншлээ таньж, шинэ цагийн сэтгэлгээг шингээж, мөн чанарыг хадгалан өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ.

Иймд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Эргэх холбоо-7” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн УИХ-ын 41 дүгээр тойргийн малчин түмэн, уяач залуучуудаа дэмжин “ШИНЭ ЦАГИЙН НҮҮДЭЛЧИД” малчдын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Хөдөө орон нутаг, тэр дундаа төрөлх сумандаа нүүдэллэн амьдарч буй малчин залуучууд, уяачдыг дэмжих, хурд хүч авхаалж самбааг сорих, олон улсын шилдэг туршлагыг суралцахад тус хөтөлбөрийн зорилго оршино.

“Шинэ цагийн нүүдэлчид” малчдын хөтөлбөрийн нэгдүгээр шатны шалгаруулалтанд Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Баянхутаг, Баян-Адарга, Биндэр, Галшар, Дадал, Норовлин, Бэрх хотын нийт 400 орчим малчин залуус оролцож сумдын баг бүрийн шилдэг 1 малчин залууг 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 10-ны өдрүүдэд шалгаруулсан юм.
Хөтөлбөрийн хоёрдугаар шатанд шалгарсан баг тус бүрийн шилдэг малчин залуус Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж 06 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд “3 өдрийн мэргэшүүлэх, хөгжлийн сургалт”-д амжилттай хамрагдаад байна.

Тус сургалтын үеэр манлайллын олон талт сургалтуудад хамрагдаж, ХААИС-ийн Нүүдэлчдийн соёл иргэншлийн музей, МАА-н технологийн сургууль, Мал эмнэлгийн сургууль, МАА-н хүрээлэн, Баянчандмань сумын Чанд фермийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна “Мал маллах уламжлалт арга ухаан”, “Эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэхэд анхаарах зүйлс тэжээллэг арчилгаа маллагаа” зэрэг сэдвийн хүрээнд хүндэт профессор, докторууд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нартай уулзаж, ярилцсан юм.

Хөтөлбөрийн хоёрдугаар шатнаас шилдгийн шилдэг 9 оролцогчоор Дадал сумаас А.Бямбадорж, Баян-Овоо сумаас Э.Болдхуяг, Б.Мөнхсайхан нар, Норовлин сумаас Э.Азбаатар, Галшар сумаас Д.Одхуяг, Баянхутаг сумаас О.Эрхэмбаяр, Батноров сумаас Б.Ганзул, Баян-Адрага сумаас Ж.Ганзориг, Бэрх хотоос Б.Тэмүүжин нар тус тус шалгарч Хонг Конгийн морин тойруулгын уралдаан үзэх эрхээр шагнууллаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх