Б.Гэрэлмаа: Бүх зүйл “толгой дээр” ирэхээр хүн яах ч аргагүй сурдаг юм билээ...


Манай сайт дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа үзэл бодол, аж амьдрал, амьдралын хэв маяг, онцлогийг эрхэм уншигчдадаа “Хилийн чанадаас Монголчууд ярьж байна” булангаараа дамжуулан хүргэж байгаа билээ. Энэ долоо хоногийнхоо ээлжит зочноор Австралийн Сидней хотод оршин суугаа Б.Гэрэлмааг урилаа. Тэрбээр MNB-ийн Австрали дахь тусгай сурвалжлагч, Firstone education migration төвийн Монгол оюутан хариуцсан зөвлөхөөр ажилладаг юм.

  • Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу...

“Хилийн чанадаас Монголчууд ярьж байна” буландаа урьж ярилцаж буй та бүхэнд бас баярлалаа. Намайг Б.Гэрэлмаа гэдэг. Австрали улсад гэр бүлээрээ сурч, ажиллаж, амьдардаг. Сидней хотод суралцахын зэрэгцээ МҮОНТ-ын Австрали дахь тусгай сурвалжлагчаар ажиллаж, тэнд амжилттай сурч, ажиллаж буй хүмүүсийнхээ тухай нэвтрүүлэг хийж, мөн Монголчуудын дунд зохиогдож буй томоохон арга хэмжээнээс мэдээ бэлтгэж явуулдаг. Түүнчлэн тэндээ Олон улсын боловсрол зуулчлалын агентлагт Монгол оюутан хариуцсан зөвлөхөөр ажилладаг.

  • Анх Австрали улсад хөл тавьж байсан үеээ дурсвал...

Анх би гурван жил хагасын өмнө Австрали руу оюутны визээр явж байсан. Ер нь Монголчуудын 80 орчим хувь нь Австрали руу оюутны визээр явдаг л даа. Яагаад гэвэл Австрали боловсрол чиглэлээр маш өндөр хөгжсөн орон. Тухайн үед би англи хэл “А” ч мэдэхгүй, гадаад оронд амьдарна гэсэн бодолгүй зөвхөн зоригоороо л яваад очсон доо\инээв\. Намайг явж байх үед Австралид Монголчууд харьцангуй цөөхөн байсан. Хүний нутагт таньж мэддэг хүн байхгүй, хэл мэдэхгүй очно гэдэг үнэхээр хэцүү даваа юм билээ. Би өөрөө тэр зовлонг нь биеэрээ мэдэрсэн болохоор Австрали улсад ирж буй Монгол оюутнууддаа чадахаараа туслахыг хичээдэг.

  • Тэгээд хэл мэдэхгүй, хүн танихгүй хүн чухам яаж хөлөө олов доо?

Австрали улсад  анх буусан хүн эхлээд банкны данс нээлгэдэг. Дараа нь утасны дугаар авах хэрэг гарна. Тэгээд ажил хийх гэхээр заавал татварын дугаар авах шаардлагатай. Тэгж байж оюутан өөрөө 20 цаг ажил хийх эрхтэй болдог. Би яг энэ тэс дарааллаар нь л эхэлсэн. Нөхөр бид хоёр хамт явсан болохоор бас харьцангуй гайгүй байсан л даа. Гэхдээ л ажил хийх дугаараа авч чадахгүй их л юм болсон доо. Тэгээд бас дугаараа аваад л шууд ажилд орох боломж байдаггүй. Эхлээд ажлаа хайна, амьдрах байраа олно гээд очсон даруйдаа нэлээд адал явдалтай байсан шүү. Тэнд бүх зүйл долоо хоногоор явдаг. Энд бол сарын хугацаанд гэж ярьдаг шүү дээ. Тийм горимд шилжээд ирэхээр их сонин юм билээ. Гэхдээ хурдан хугацаанд дасдаг шүү. Байраа долоо хоногоор түрээсэлнэ. Ажил л хийхгүй бол долоо хоноод л байрнаасаа хөөгдөөд гудамжинд гарах болно. Тэгээд бүх зүйл толгой дээр ирэхээр хүн яахын аргагүй өөрөө сурдаг юм билээ. Би очсон даруйдаа ажилд орж, эхний нэг жил хэлний бэлтгэлд сурч төгссөн. Дараа жил нь Их сургуульд орсон. Одоо бол тэнд бизнесийн чиглэлээр бакалаврт сурдаг.

  • Австралид очихоосоо өмнө ер нь гадагшаа явж байсан уу?

Үгүй ээ. Эрээнээс өөр газар руу явж байгаагүй\инээв\.

  • Сүүлийн үед манайхан Австрали улсыг нэлээд их зорих болж. Тэнд ер нь хичнээн монголчууд амьдарч байна вэ?

Тийм шүү, манайхан их очиж байгаа. Албан бус тоогоор Австралид 6000 мянга орчим Монголчууд амьдардаг гэдэг. Манай байгууллагын 2017 онд гаргасан судалгаагаар Австрали улсын гадны оюутнуудын тоог авч үзэхэд Монгол улс хоёрт орсон байна лээ. Миний ажилладаг байгууллага Австралийн засгийн газраас бодит судалгааг нь авдаг юм. Хамгийн сүүлд харснаар 2853 оюутан суралцдаг гэсэн судалгаа гарсан байсан.

  • Тэдгээр оюутнуудаас хэд нь  эх орондоо эргэж ирдэг бол...

Ихэнх нь буцаж ирдэг л дээ. Зарим нэг нь тэндээ урт хугацаанд ажиллаж, амьдрахыг илүүд үздэг. Гэвч дийлэнх нь л сурсан мэдсэнээ эх орондоо зориулахыг боддог байх.

  • Гэвч эх орондоо сурсан мэдсэнээ зориулах гэсэн тэдэнд ажлын байр, хангалттай цалин хөлс, амьдралын таатай орчин нөхцөл байхгүйгээс болоод мундаг боловсролтой залуучууд гадаад руу буцаж байх шиг байна...

Их зөв асуулт байна. Би олон залуучуудын жишээг харж байсан. Гадаадын ямар нэгэн том компанид ажиллаж байгаад тэднээс сурч мэдсэнээ эх орондоо зориулахаар ирдэг. Мэдээж тэд цалингийн эрсдэлийг бол тооцчихсон байдаг. Гэвч мундаг өндөр боловсролтой, чадвартай залуус юу чаддагаа эх орондоо үзүүлж, нутаг ороноо хөгжүүлье гэтэл тэр сэтгэлийг нь улс нь үнэлдэггүй санагдсан. Мянга чадвартай байгаад танил талгүй бол ажилд орж чадахгүй байна. Олон жил гадаадад амьдарчихсан хүмүүс чинь буцаад ирэхэд танил, найз нөхөд, хүрээлэлгүй болчихсон байдаг. Монголд шударга зүйл алга болчихсон санагддаг. Тийм болохоор ихэнх залуучууд тэндээ үлддэг. Ирсэн нь урам нь хугараад буцаад явдаг. Би тийм олон жишээг харж байсан. Уг нь залуу боловсон хүчнээ дэмжээд толгойг нь ашиглаж чадвал улс орон хөгжинө гэж би хувьдаа боддог.

  • Тэгвэл та сургуулиа төгсөөд Монголдоо ирж ажиллах уу?

Би тэнд олон улсын компанид ажилладаг. Манай дарга нар намайг “явахгүй биз дээ” л гэдэг юм. Гэвч би Монголдоо ирж ажиллана гэж боддог шүү.

  • Монголдоо буцаж ирэх шалтгаан тань юу вэ?

Манай гэр бүлийн хувьд буцаж эх орондоо очно гэж ярьдаг юм. Буцаж ирэхэд мэдээж бэрхшээлтэй асуудлууд бий. Тухайлбал хүүхдүүд сургууль, цэцэрлэгийнхээ орчинд их амархан дасдаг шүү дээ. Тийм болохоор “Би буцахгүй шүү. Энд гоё байна. Энэ сургуульдаа сурна” гэх болсон. Гэвч нөхөр бид хоёрын хувьд гадны орноос сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэх бодолтой байгаа.

Манайхан “хар” ажилд хаана ч гологдохгүй...

  • Австралид амьдардаг монголчууд ихэвчлэн ямар ажил хийж байна вэ?

Янз бүрийн л ажил хийдэг. Оюутнууд нь хэлний мэдлэгээсээ шалтгаалж төрөл, төрлийн ажил хийнэ. Харин эрэгтэйчүүдийн ихэнх нь барилгын ажил хийдэг. Цалин ч их өндөр байдаг. Австрали улс Дэлхийд хөдөлмөрийн хөлсний хэмжээгээрээ нэлээд дээгүүрт ордог. Хамгийн доод цалин өдрийн 150 ам.доллароос эхэлдэг. Монгол залуучууд үнэхээр мундаг. Тэнд өдөрт л сая төгрөгний цалин авдаг залуучууд олон бий. Манайхан хар ажилд хаана ч гологдохгүй шүү дээ. Үнэхээр ачаалал дааж чаддаг. Дээрээс нь монголчууд хүний итгэлийг алдалгүй хариуцлагатай, ажилдаа сэтгэл гаргаж ажиллаж чаддаг.

  • Мэдээж тийм өндөр цалинтай болохоор монголчууд Австрали улсыг зорьж байгаа байх. Өөр хүмүүс чухам юунд нь татагдаж тус улсыг зорьдог юм бол...

Мэдээж монголчуудын гол явж байгаа шалтгаан бол цалин өндөр байдал. Түүнээс гадна хэл сурах гэж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой улс гэвэл би хувьдаа Австралийг хэлнэ. Түүнчлэн тус улс боловсролын түвшингөөрөө дэлхийд дээгүүрт ордог учраас өндөр боловсрол эзэмших гэж буй хүмүүст том боломж нээгддэг. Би хоёр хүүхэдтэй л дээ. Миний хоёр хүүхэд тэнд сургуульд явдаг. Сургалтын систем нь үнэхээр гайхалтай. Хичээлээр хүүхдийг шахахгүй, хүнийг хүн болгох тал дээр нь илүү анхаардаг учраас надад таалагддаг. Мөн цаг агаарын нөхцөл нь монголчуудад тохиромжтой. Тэндэхийн хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүгд эрүүл, жинхэнэ эко хүнс байдаг. Хүнсээ дотоодоосоо 100 хувь хангадаг. Үнэ нь ч Монголоос харьцангуй хямдхан, чанартай. Эдгээр зүйлсүүд нь хүмүүсийг татах гол шалтгаан нь болдог болов уу.

  • Сая сургалтын систем нь үнэхээр гайхалтай гэлээ. Тодруулбал...

Их сургуулийн түвшинд яривал Австрали улс 25 сая хүн амтай хэрнээ 40 гаруй их сургуультай. Тэгэхэд манай улс хэдэн хүнд амтай хэрнээ хэдэн их дээд сургуультай билээ. Үүн дээр харьцуулбал мэдээж чанар яригдах байх. Арван жилийн сургуулийн хувьд гэвэл манайх хичээлээр их шахдаг. Би тэнд очоод нэг л зүйлийг Монголд хэрэгжүүлмээр санагдсан. Оюуны өмчийн хулгай гэдэг бол Австрали улсад хамгийн том хулгайд тооцогддог. Би нэг эссэ сургуулийн програмд уншууллаа гэж бодоход хүний нэг өгүүлбэр л хуулсан байх юм бол хуулийн заалттай хууль зөрчсөн гээд л гараад ирдэг. Хүний бүтээл хулгайлсан гээд сургуулиасаа хөөдөг. Тэгэхээр их сургуульд сурна гэдэг нь сорилго юм. Монголын Боловсролын системд тэр оюуны өмчийн хулгайг нэвтрүүлж болдоггүй юм байхдаа гэж бодогдсон шүү. Дунд сургуулийн хүүхдийг бол эхлээд хичээлд нь дуртай болгодог. Тэгээд зөвхөн хичээлээр шахахгүй, жинхэнэ хүн байх тухай заадаг. Тийм болохоор сурагчид нь ухамсартай, бие биендээ зөв шаардлага тавьдаг. Үнэхээр энгийн бүгд завилаад суучихдаг. Гэхдээ тэглээ гээд хүүхдүүдийг дураар нь тавихгүй. Аажим аажмаар зааж сургадаг.

  • Их сургуулийн төлбөр нь хэр өндөр байдаг вэ?

Их сургуулийн төлбөр өндөрт ордог шүү. Магистрийн нэг жилийн төлбөр л гэхэд 20.000-50.000 австрали доллар байдаг. Зөвхөн сургуулийн сургалтын төлбөр нь тийм. Байр нь тусдаа үнэтэй л дээ.

  • Байрны төлбөр нь хэд орчим байх уу?

Байр их үнэтэй шүү. Хоёр өрөө байр долоо хоногийн 600-700 ам.доллар байдаг. Ер нь Австрали улсад бүх юмны хугацааг долоо хоногоор тооцдог гэж би түрүүн хэлсэн. Ажилгүй нэг өдөр л өнжих юм бол байрны мөнгөө төлж чадахгүйд хүрнэ\инээв\.

  • Амралтын хэдэн өдөртэй вэ?

Ажлын зургаан өдөртэй, нэг хоног амардаг. Ер нь амралт багатай улс шүү. Хамгийн урт амралт нь “Зул сарын баяр”-аар тохиодог. Барилгын ажил өглөө 7 цагаас эхэлдэг. Тийм болохоор гэрээсээ 5 өнгөрөөж гардаг. Оффисын ажил 8 цаг гэж эхэлдэг. Дараагийн ажил 9 цагаас эхэлдэг. Тийм болохоор харин түгжрээ бага байдаг шүү. Өндөр хөгжилтэй улс орон түгжрэлээ нарийн тооцдог гэх үү дээ.

  • Түгжирлээ тэгж сааруулдаг юм байж. Өөр тэндээс эх орондоо хэрэгжүүлчихээр ямар санаанууд байдаг вэ?

Би аливаа улсын хөгжил тэнгэр баганадсан өндөр барилгууддаа байдаггүй гэж боддог. Тэнд бүх зүйл нь хүнд зориулагдсан энгийн байдаг. Хувийн соёл өндөртэй орон. Ямар ч хүнд ойртохгүй, шүргэж садаа болохгүй зөрж чаддаг. Явган зорчигч ямар ч үед гарцаар гарна. Хүнээ тэгж хүндэлдэг. Бас хүний хэрэг огт хамаагүй, бүгд л урдах ажлаа амжуулдаг. Улсын хөгжил ердөө л тийм л жижигхэн зүйлээс л эхэлдэг юм билээ. Өөрөөр хэлбэл улсын хөгжил нь хүнээ хөгжүүлэхээс эхэлдэг гэсэн үг л дээ. Австралиас бас хуулийг нь Монголдоо хэрэгжүүлмээр санагддаг. Австрали улсын хууль маш шударга, бүх зүйл нь ойлгомжтой, тодорхой байдаг. Хууль баталсан л бол заавал хэрэгжүүлдэг. Гэхдээ хуулийн заалтаа хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө заавал танилцуулж, туршилтаар явуулдаг. Хэрвээ хууль зөрчвөл өндөр үнээр торгодог. Тийм учраас хууль зөрчдөг хүн байдаггүй. Зохион байгуулалт их сайтай хүмүүс учраас хууль нь мөрдөгддөг.

  • Халамж, тэтгэмжийн хувьд Австрали хэр орон бэ?

Өөрийн иргэншилтэй хүүхдүүдэд долоо хоногт 300 ам.доллар өгдөг гэж сонссон юм байна. Гэхдээ би тэнд оюутны визээр амьдардаг учраас сайн мэдэхгүй байна л даа. Австралийн хамгийн гол зүйл нь уул уурхай дараа нь боловсрол ордог. Тийм учраас олон улсаас оюутан авч, эдийн засагтаа том хөрөнгө оруулалт хийдэг.

  • Орон сууцны зээлийн хувьд ямар байдаг бол...

Тус улсын байнгын оршин суугч, бүтэн цагийн ажилтай бол зээлд хамрагдаж болдог гэж сонссон. Нөхцөл нь хамаагүй хөнгөн юм билээ. Тэнд бүх юм даатгалтай. Эрсдэлээ нарийн тооцдог л доо.  Утас, нөтбүүк, машин гээд бүгдийг нь даатгалаар авч болно. Хэрвээ гэмтээж, эвдвэл шинээр дахиад л авчихдаг. Тэр зарчим нь үнэхээр таалагддаг шүү.

  • Амьдралын өртөг нь хэр өндөр байдаг вэ?

Амьдрах байрны хөлс өндөр хэдий ч хоол хүнсний хувьд Монголоос хямдхан тусдаг. Гэхдээ өндөр өртөгтэй улс оронд ордог л доо. Ажил хийж байгаа тохиолдолд болоод л байдаг. Яагаад гэвэл хүний хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлж хөлсийг нь хангалттай өгдөг. Тийм ч учраас тэнд хулгай, авилгал байдаггүй.

  • Хулгай гэснээс нээрээ Австралид амьдардаг Монголчууд 6000 гаруй гар утас хулгай хийж Монголд оруулж ирж зарсан гэх асуудал нэг хэсэг дуулиан тарьсан. Ер нь тэнд байгаа монголчууд хулгайн хэрэгт хэр их холбогддог юм бэ?

Харин тийм мэдээлэл хэсэг шуугиан тариад амжсан. Тухайн үед тийм зүйл болоогүй биш, болсон. Гэхдээ тоо баримт нь худлаа байсан. ЦЕГ-аас баримтгүй худал мэдээлэл дамжуулсан байсан. Би нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ арай ч 6000 гаруй утас бол залилаагүй шүү.  Тус улсаас утас худалдаж авчихаад гээгдүүлсэн тохиолдолд даатгалаараа буцаагаад шинэ утас олгогддог. Энэ аргаар зарим нэгэн хүмүүс тийм зүйл хийсэн юм билээ. Бүх л улс орны хүмүүс ийм аргаар утас гаргаж л байсан л даа. Гэхдээ одоо бол тийм зүйл байх аа больсон. Одоо Австрали улсад хулгай хийдэг Монгол хүн нэг ч байхгүй гэдгийг би тэнд амьдардаг хүний хувьд бүрэн итгэлтэйгээр хэлнэ. Яагаад гэвэл үнэхээр ажиллаж чадах л юм бол оюутан байсан ч ажлын 20 цаг нээлттэй байдаг. Тиймээс ажиллаад хангалттай мөнгө олдог учир хулгай хийх шаардлага гардаггүй гэсэн үг.

  • Манайхан үнэтэй брэндийн хувцас, том жийп машинуудыг зээл тавиад авч өмсөж, унадаг. Австраличууд ер нь хүний өмссөн зүүснийг хэр чухалчилдаг хүмүүс вэ?

Их гоё асуулт байна. Би энэ асуудлыг дандаа хэлж, ярих юмсан гэж бодож явдаг юм. Тэнд таны юу өмссөн, зүүсэн, ямар утас барьсан, ямар машин унаж явааг хэн ч анхаарч, харахгүй. Гар утас, машин, нөтбүүк зэрэг бол хэрэгцээг нь л хангаж байвал гоё, ганган, ямар үнэтэй нь ер хамаагүй. Манай дарга надаас “Гэрэлмаа, танай улсын хүүхнүүд яагаад бүгдээрээ нүүрээ буддаг юм бэ. Өнөөдөр танайд баяр болж байгаа юм уу” гэж асууж байсан. Тэнд нүүрээ буддаг хүн ховор. Гэтэл манай хүүхнүүд гоо сайхны бүтээгдэхүүнээ хүртэл өндөр үнээр зээл тавиад л авчихдаг. Тэнд бүсгүйчүүд нь биеийн тамирын хувцас өмсөөд л үүргэвч үүрээд л явж байдаг. Манайхан эдэлж, хэрэглэж байгаа эд зүйлээрээ өрсөлдөж амьдардаг. Гэтэл тэнд эд материалын ямар ч дарамтгүй амьдардаг. Тэр байдал нь үнэхээр сэтгэлийн амар амгалан даа.

  • Монгол эх орноо хөгжүүлэх таны бодол...

Би сая хэлсэн улс орны хөгжлийг хувь хүний хөгжлөөр л хардаг гэж. Улсаа хөгжүүлье гэж бодож байгаа бол хувь хүн болгоныг хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.

  • Өөрийн тань хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөх үү...

За тэгье. Манай улсын 20-35 насны залуучууд гадаад руу их явж байна. Эдгээр залуучуудын хувьд улс орноо ид л хөгжүүлэх ёстой нас нь шүү дээ. Гэтэл бусад орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулаад байгаа нь жаахан тиймхэн санагддаг. Боломж нь байдаг бол залуучуудаа ажлын байраар нь хангаад тогтоох хэрэгтэй гэж боддог. Мэдээж гадны соёлыг мэдэх хэрэгтэй. Гэхдээ сурах зүйлээ сурчихаад эх орондоо эргэж ирэх нь хамгийн чухал. Хүний сэтгэл гэдэг үргэлж нутаг руугаа л тэмүүлдэг. Тиймээс тэр мундаг залуусаа эх орныхоо хөгжилд ашигламаар байна. Шударгаар бүх зүйлийг үнэлдэг бол улс орон хөгжихөд ойрхон байна гэж хэлмээр байна даа.

Ярилцсан: С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2018 06 сар 13

Mundag shvv