Миятакэ Акихико:Би Монголын 10 жилийн ирээдүйг харж ажиллах хүчийг нь бэлтгэнэ


Сүүлийн жилүүдэд Япон улс Монгол улсаас ажиллах хүчээ ихээр базаах болсон. Жилийн өмнөөс л гэхэд “1000 инженер”-ийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тиймээс бид энэ удаагийнхаа зочноор манай орноос боловсон хүчнээ бэлтгэхээр ирсэн ноён Миятакэ Акихикотой уулзаж, ажиллах орчин нөхцөл, тавигдах шаардлага, цалин урамшуулал, боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

  • Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсан танд талархлаа илэрхийлье. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

За баярлалаа. Намайг Миятакэ  гэдэг. Монголд анх удаа ирж байна. Япон улсын Кобэ хотод асрамжийн газрын гүйцэтгэх захирлаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Давхар бас хуулийн зөвлөхөөр ажилладаг. Манай компани олон улсын харилцаатай, тогтмол үйл ажиллагаа явуулдаг нийт найман асрамжийн газартай. Дэлхийн хэд хэдэн орон тэр дундаа Непал, Вьетнам улстай олон жилийн харилцаатай хамтран ажиллаж ирсэн. Энэ жилээс Монгол улстай харилцаа тогтоох мөн хүний нөөцийг нь хөгжүүлэх талаар хамтарч ажиллахаар зорьж ирээд байна.

  • Та сая Монголд анх удаа ирлээ гэлээ. Эх оронд маань ирсэн анхны сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач...

Монгол улсын тухай нэвтрүүлгийг телевизээр анх удаа харж байсан. Тэгээд тэр үзсэн нэвтрүүлгээрээ л төсөөлж, Монголчуудыг өргөө цагаан гэрт амьдардаг гэж бодож, төсөөлж ирсэн л дээ. Гэтэл Улаанбаатарт буутал хөгжил сайтай, өндөр шилэн барилгуудтай орчин үеийн хот угтахаар нь их гайхсан шүү. Надад Монголчуудын их хичээнгүй, ажилсаг зан чанар нь манай япончуудтай ижилхэн санагдсан.

  • Монголд ирсэн зорилго тань мэдээж түншийн харилцаа тогтоох байх...

Тийм ээ. Манай “Woodland academy japan” XXK-ийн Монгол талыг хариуцсан мэргэжилтнээр Б.Болор-Эрдэнэ гээд Монгол бүсгүй ажилладаг юм. Тийм болохоор Монголчуудын тухай нэлээд дээрээс тодорхой хэмжээнд мэдээлэлтэй байсан л даа. Тэгээд Монголд хүний нөөц зуучлалын салбар компани нээж, ажиллах хүч болон дадлагажигч авч болох юм байна гэж бодож, нөхцөл байдлыг судалж, танилцахаар өөрийн биеэр ирж байгаа маань энэ. Ер нь ирсэн гол зорилго маань хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах юм.

  • Тэгэхээр Монголоос ажиллаж хүч аваад зогсохгүй бас хүний нөөцийг хөгжүүлэх, чадваржуулах сургалт явуулах юм байна гэж ойлгож болох уу?

Бидний гол зорьж байгаа зүйл бол бол Японд байдаг асрамжийн газартаа Монгол хүмүүсийг дадлагажигчаар ажиллуулах, мөн энэ чиглэлийн ирээдүйн боловсон хүчинг хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.

  • Дэлхийн олон улс орноос яагаад Монгол хүмүүсийг онцлон сонгох болов?

Монголчуудын нэг онцлог гэвэл гэр бүлийн хайрыг хамгийн сайн мэддэг. Мөн хүмүүжил сайтай, ахмад настан болон хүүхдэд тун их халамжтай байдаг. Бас харьцангуй биеэ даах чадвартай учраас хамтарч ажиллахад тааламжтай байдаг л даа. Аливаа ажилд зүрх сэтгэлээсээ өөриймсөг ажилладаг нь үнэхээр таалагддаг. Түүнчлэн асаргаа, сувилгааны ажилд Монгол хүмүүс их тохиромжтой байдаг.

  • Монголоос авах ажилтандаа ямар шалгуур тавьж байгаа вэ?

Японы засгийн газраас хүний нөөцийн талаар баримталдаг зарчим байдаг. Үүнд 18-аас дээш насны, асаргаа, сувилахуйн чиглэлээр суралцсан, нийгмийн халамж асаргаа сувилгаа хийх зөвшөөрөлтэй, энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, япон хэлний N4-өөс дээш түвшний мэдлэгтэй хүнийг шалгаруулж авна гэж заасан байдаг. Бид энэ зарчмын дагуу хүмүүсээ шалгаруулж байгаа. Ер нь бол зуучлалын байгууллагаар дамжуулж хүмүүсээ сонгож авна. Манай байгууллага тун удахгүй хүмүүсээ авч эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ шууд л авчихгүй. Эхний ээлжинд сургалтанд хамруулна. Японы зан заншил, аж амьдрал ахуйн соёлын талаар мэдээлэл өгнө. Үүний дараа бүртгэх асуудлаа ярилцах болно. Бүртгэлд багтан явсан хүмүүс нь тэндээ очоод эхний нэг сар дагалдан хийнэ. Тэгээд боломжийн байна гэж үзвэл ажилд нь гаргана. Дадлага нь Японд хэрхэн, яаж амьдрах вэ, хэрэгцээгээ хаанаас бүрдүүлэх вэ, эрсдэлийг тооцоолж яаж даван гарах вэ зэрэгт суралцуулдаг. Амьдралд нь илүү ойр болгох, биеэ даан ажиллаж, амьдрахад илүү хялбар туршлагатай болгох үүднээс энэхүү дадлагыг хийлгэдэг юм л даа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд манай Монгол талын төлөөлөгч байгууллага болох “Sando MGL”XXK-ийн хувьд хоёр орныхоо Засгийн газарт зөвшөөрөгдсөн маш найдвартай зуучлалын байгууллага байгаа.

  • Цалин, ажлын цагийн хувьд ямар байдаг бол...

Японы хаана ч ажиллаж байгаа асаргааны ажилчид хуулиараа ижилхэн цалин авах ёстой байдаг. Гэхдээ тухайн хүний ажиллах чадвараас шалтгаалаад ойролцоогоор Монгол төгрөгийн ханшаар тооцоолбол сарын 3-4 сая орчим байдаг. Зарим асаргааны газрууд ажилчдадаа зориулсан амьдрах байртай байдаг л даа. Харин манайх байр байдаггүй. Гэхдээ бид амьдрах байрыг нь олж өгч, батлан даадаг.. Ажилтан байр, хоолныхоо мөнгийг өөрөөсөө төлдөг. Гадны орноос ирсэн манай ажилчид гурвуулаа нийлээд нэг байранд ихэвчлэн амьдардаг. Ажлын цагийн хувьд Японы засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн цагийн хуваарийн дагуу нэг өдөрт найман цагаар, долоо хоногт нийт 40 цаг ажилладаг. Ажлын таван өдөр ажиллаад хоёр хоног амардаг.

  • Эхний ээлжинд Монголоос хичнээн хүн авахаар төлөвлөж байгаа вэ?

Хүний тоог хязгаарлахгүй байгаа. Яагаад гэвэл манай улс хүний нөөцийн дутагдалтай байдаг. Ялангуяа асаргаа, сувилгаа чиглэлд маш их хүн хүч хэрэгтэй байгаа учраас хүний тоонд хязгаар тавихгүй байгаа.

  • Хүмүүсээ хэдэн жилийн хугацаатай авдаг вэ?

Яг одоогийн байдлаар япон хэлний N4 түвшинтэй хүн 1 жилээр, N3 түвшинтэй хүн 3-5 жилийн хугацаатай дадлага хийдэг байгаа. Гэхдээ саяхан Япон улсын Засгийн газрын шийдвэр гарч гадны орнуудаас 8-10 жилийн хугацаатайгаар ажиллах хүч авахаар болсон. Энэ шийдвэрээ дагаад бас зарим нэг зүйлүүд өөрчлөгдөж магад. Тухайлбал 3-5 жилийн хугацаагаар ажиллаж буй хүмүүсийг гэр бүлийнхээ хамт амьдрахыг хориглодог байсан бол 8-10 жилээр хугацааг нь сунгасан учраас гэр бүлээрээ явах тал дээр дахин судалж байгаа юм билээ.

Яагаад монголчуудтайгаа хамтарч асрамжийн газруудыг нь дэлхийн жишигт хүргэхийн төлөө ажиллаж болохгүй гэж...

  • Асрамжийн газруудынхаа онцлогоос товчхон танилцуулбал...

Япон улсын хүн амын ихэнх хувийг ахмад өндөр настай хүмүүс эзэлдэг. Гурван хүн тутмын нэг нь өндөр настан байдаг. Эдгээр өндөр настны бараг 80 хувь нь асрамжийн газарт байдаг л даа. Тиймээс асрамжийн газрын эрэлт хэрэгцээ маш их байдаг. Түүнийгээ дагаад асрамжийн газруудад тавих шаардлага бас их өндөр. Тэр ч утгаараа Япон улс асаргаа сувилгаагаараа дэлхийд номер нэгт ордог юм. Манай найман асрамжийн газрын хувьд Япон улсдаа өндөр чанартай газруудыг тэргүүлдэг. Японд жилд нэг удаа асрамжийн газруудыг шалгадаг. Шалгалтанд тэнцэхгүй тохиолдолд цаанаас нь шууд хаадаг. Тэнцсэн тохиолдолд мэдээллээ шинэчлэн үйл ажиллагаагаа улам сайжруулдаг. Манай найман асрамжийн газар шалгалтанд нэг ч удаа муу дүн авч үзээгүй. Бидний хамгийн гол нэг давуу тал нь ажилчдаа сургахыг тэргүүний зорилт болгож тавьдаг. Яагаад гэвэл ахмад настныг асарч хамгаална гэдэг сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд ордог учраас бид өөрийнх нь хүсэл сонирхлыг эхэлж сонсоод хэрвээ асаргаа, сувилгааны ажил хийх сонирхолтой бол сэтгэлзүйн хувьд эхлээд бэлтгэдэг. Манай байгууллагын бас нэг давуу тал бол ажилчдынхаа ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, стресс ядаргааг нь тайлах, амраах тал дээр маш их анхаарал хандуулдаг.

  • Та Монгол ирээд мэдээж асрамжийн газруудаар явсан байх. Монголын асрамжийн газрууд Японы асрамжийн газруудаас хэр ялгаатай санагдсан бэ?

“Өргөө” гээд өнчин хүүхдийн асрамжийн газар, бас ахмад настнуудын асрамжийн газраар орсон. Миний хувьд асрагч, сувилагчийн хүрэлцээ муу бас сувилгаа нэг их төгс биш санагдсан. Япон улсад нэг хүнд нэг сувилагч л оногддог. Тиймээс асаргаа, сувилгаа их сайн хийгддэг. Гэхдээ 10 орчим жилийн дараа Японы арга технологи Монголд нэвтрэх боломжтой гэж би хувьдаа харж байна. Яагаад гэвэл Япон улсад 30 жилийн өмнө иймэрхүү газар байдаггүй байсан. Гэтэл Техник технологи хөгжихийн хирээр хүмүүсийн цаг зав хомс болж, аав ээжийгээ асрах газар өгдөг болсноор асрамжийн газар нээгдэх шалтгаан болсон. Монголд ч ялгаагүй арван жилийн дараа ахмад настны асрамжийн газар яахын аргагүй үгүйлэгдэнэ. Тэр үед манайд ажиллаж байсан Монгол хүмүүс эх орондоо ирж энэ чиглэлийн газрыг хөгжүүлж болно. Би тэр ирээдүйг харж, өөрөөр хэлбэл Монголын 10 жилийн ирээдүйг харж ажиллах хүчийг нь бэлтгэнэ гэж бодож байгаа.

  • Тэгвэл танд 10 жилийн дараа Монголд асрамжийн газар нээх төлөвлөгөө байгаа байх нээ дээ...

Тийм ээ. Надад Монголд асаргаа сувилгааны газар нээх бодол төрснийг нуухгүй. Яагаад арван жилийн дараа Монголын асрамжийн газруудыг дэлхийн жишигт хүргэхийн төлөө монголчуудтайгаа хамтарч ажиллаж болохгүй гэж. Би л хувьдаа хамтарч ажиллахад бэлэн байна.

  • Таны хэлдгээр одоогоор манайд асрамжийн газар бараг байхгүй. Байгаа цөөхөн хэд нь улсынх. Харин танай оронд бол хувийн асрамжийн газар нэлээд өндөр хөгжсөн. Бизнесийн өрсөлдөөн их байна биз...

Өрсөлдөөн нэг их биш ч ер нь бол байдаг. Японд асаргаа сувилгааны даатгалын систем үйлчилдэг. Асаргаанд орсон хүн бүр нийт төлбөрийн 20 хувийг өөрөө төлөөд бусад 80 хувийг нь улсаас төлдөг гэсэн үг. Олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар цөөхөн байдаг л даа. Харин манай асаргаа, сувилгааны газрууд гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм болохоор хүмүүс биднийг зорьж их ирдэг. Манайх нэгдүгээрт тухайн хүнийг өглөө гэрээс нь аваад орой гэрт нь хүргэж өгөх үйлчилгээ үзүүлдэг. Хоёрдугаарт нас өндөр болсон зөнөсөн хүмүүсийг асрамжийн төв дээрээ байрлуулаад асарч хамгаалдаг. Гуравдугаарт хөгжлийн бэрхшээлтэй ахмад настанд үйлчлэдэг. Манайх дээрх гурван төрлийн үйл ажиллагааг гурвууланг нь үзүүлдэг.

  • Таныг бас манай асрамжийн газрын хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулахаар болсон гэж сонссон юм байна...

Та зөв мэдээлэл сонссон байна. Аль ч улсын асрамжийн газрын хүүхдүүд 18 нас хүрэхээрээ тухайн газраасаа явах шаардлагатай болдог. Гэвч тэдний зарим нь тэндээсээ яваад амьдрах байр, ажил олдохгүй их хүнд байдалд ордог л доо. Тийм учраас манай байгууллага эдгээр хүүхдүүдийг өөрөө хүсэх юм бол Япон хэл сургаад ажлын байраар хангаж ажиллах бодолтой байгаа. Ингэснээр бас асрамжийн газарт амьдарч байсан хүүхдүүд маань буцаад тэр газартаа ажиллах боломж бүрдэнэ гэсэн үг л дээ. Манайх Непалын нэгэн асрамжийн газартай хамтран хүүхдүүдэд япон хэл, асаргааны мэдлэг эзэмшүүлэн, ажлын байраар хангаж ажиллаж байгаа. Бид энэ тухайгаа холбогдох байгууллагуудад хэлэхэд их сайхан хүлээж авч, хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Бас Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар дутмаг, мөн ажиллах мэргэжлийн боловсон хүчин байдаггүй гэж сонссон учраас энэ тал дээр хамтарч ажиллах санал тавьсан. Бидний саналыг мөн л нааштайгаар хүлээж авсан.

  • Монголд ирээд хүмүүсийнх нь зан чанар, онцлог талуудыг нь анзаарсан байх. Таны бодлоор Монгол хүмүүс ямархуу хүмүүс санагдав...

Миний сэтгэлд хүрсэн зүйл гэвэл Япон хүмүүс шийдвэр гаргахдаа их удаан байдаг. Харин эсрэгээрээ Монгол хүмүүс хурдан, шийдэмгий санагдсан шүү. Бас хүүхдүүд нь сурах хүсэл эрмэлзэл ихтэй санагдсан. Японд эцэг, эхчүүд нь сурах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгчихөөд байхад сурдаггүй талтай. Тийм учраас цаашдаа боловсрол, хүний нөөц чиглэлээр хамтран ажиллаж, холбоотой байхыг хүсэж байна.

  • Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөх үү...

За тэгье. Би хоёр зүйл хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт ирээдүйг өөрчилж болно. Асрамжинд байгаа хүүхдүүд өөрөө хичээх юм бол ирээдүйгээ сайхнаар бүтээж чадна. Үүн дээр бид хамтарч ажиллахад бэлэн байна. Хоёрдугаарт хүн болгоныг аз жаргалтай байгаасай гэж би хүсдэг. Би зовж, хэцүү амьдарч буй хүний хажуугаар нь зүгээр өнгөрөвч дараа нь дотроо өрөвдөж байнга боддог. Тийм учраас дараа нь харамсахгүйн тулд тусламж хэрэгтэй байгаа хүн бүрт туслахыг хичээдэг. Эргээд бидэнд тус нь ирнэ шүү дээ.

Ярилцсан: С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх