Галзуу чоно малчны хот руу дайрч, 13 настай хүүг ноцжээ


 
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Дөрөлж хэмээх газар нутаглаж байсан малчны хотонд чоно орж 13 настай хүүхдийг ноцсон хэрэг энэ сарын 11-ний шөнө гарсан байна. 
 
Чоныг тэр дор нь устгаж, дээжийг 12-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид илгээжээ. Лабораторийн шинжилгээгээр мал, амьтны галзуу өвчин гэдэг нь өчигдөр баталгаажсан байна. Уг хэрэг гарсантай холбогдуулан тус аймгийн Тонхил сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон ба аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
 
Харин галзуу чононд ноцуулсан хүүхдийн биеийн байдал тааруу байгаа ба одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт гуравдахь өдрөө хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. "Хүүхдийн биеийн байдал тогтворжвол Улаанбаатар хотруу шилжүүлэх шаардлагатай байгаа. Одоогоор эмчилгээг орон нутагт нь хийж байгаа ч Улаанбаатар хотруу шилжүүлэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай" хэмээн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа мэдээлэв. 
 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх