Эмч нар орон даяар хугацаагүй ажил хаяна гэв


Сарын өмнө Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн билээ. Тэдний суулт түр хугацаанд завсарлаад байсан бол өчигдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа өчигдөр суулт зохион байгуулсан. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газар бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодрууллаа. Тэрбээр “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид орон даяар ажил хаялт зарлаж байна. Ажил хаях зуур мягмар болон лхагва гаригт бид хуралдана. Ажил хаялтад хэдэн хүн оролцсон нь  мягмар гаригт тодорхой болно. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг маань хүлээн автал бид ажил хаяна” гэлээ

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400-500 мянган  төгрөг байдаг. Тиймээс сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтөй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байсан.  Ингэхийн тулд эрүүл мэндийн салбарт жилд 73 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай ажээ.

Жилийн жилд ажил хаялт зарладаг Эрүүл мэндийн салбарынхны энэ асуудал хэзээ хэрхэн яаж шийдэгдэх нь тодорхойгүй байсаар л байна...

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх