АТГ: Д.Нэмэхбаярыг шалгаж байгаа нь үнэн


Олон нийтийн газар, тэр тусмаа Сүхбаатарын талбайд олны нүдэн дээр ногоон байгууламж руу шээсэн бүдүүлэг үйлдлээрээ алдаршсан Д.Нэмэхбаяр төрийн ажлаасаа халагдсан билээ. Өдгөө түүний асуудал үүгээр дуусаагүй юм. Тодруулбал, Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсоныг хураан авч, АТГ-аас авлигын хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад байгаа. 

Түүнийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцож зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа аж. Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн ЕБС-иудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ 200 мянгаас 2 сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байсан байж болзошгүй гэнэ.

Энэ талаар АТГ-аас тодрууллахад "Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ-аас авлигын хэрэгт шалгаж байгаа нь үнэн. Одоогоор түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө олдсон учир ийнхүү шалгаж байна" гэв.

Д.Нэмэхбаяраас гадна түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг мөн шалгаж байгаа гэнэ. Тэднийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцож зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байна. 

Д.Нэмэхбаяр нь Үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авахын тулд хясан боогдуулах аргаар, тухайлбал зөвшөөрлийг нь гаргаж өгөхгүй байх, гэрээний хугацааг сунгахгүй байх, зөвшөөрлийг цуцална гэж сүрдүүлэх зэргээр дарамт шахалт үзүүлж, аргагүй байдалд оруулдаг байсан гэх мэдээлэл ч гараад байгаа. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх