Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдлээ


Энэ сарын 20-ны өдөр "Монголд тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) авчирч унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулсан байна. Тус дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний "CASA" агаарын хөлөг онгоцоор Монгол руу 20 гаруй цаг тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авчирч, Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн талд ачааны машинаар тээвэрлэн хүргэжээ.

"Олон Улсын Тахь Групп" нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тахийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж буй юм.

Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахь идээшиж байгаа ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх