Морин хуурын олон улсын VI наадам болно

Энтертайнмент Admin Today 2018 06 сар 26 1060

БСШУСЯ-ны дэмжлэгээр Морин хуурын олон улсын VI  наадам-уралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 5-нд   Улаанбаатар хотод зохион байгуулагдана. “Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй зургаа дахь удаагийн олон улсын наадамд гаднаас Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын соёл, урлагийн төлөөлөгчид оролцоно.
 
Хоёр жил тутам зохион байгуулдаг тус наадам нь морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, морин хуур сурч, судлаж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
 
Зургаа хоног үргэлжлэх наадмын хүрээнд сонирхогчдын болон мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, наадам болох бөгөөд гадны улс орны оролцогчдын тоглолт, олон улсын уулзалт-хэлэлцүүлэг, үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, уулзалт-хэлэлцүүлгийн хүрээнд өөсрдийн улс оронд морин хуурын дэлгэрэлтийн хүрээнд сургалт, заах арга, зэмсгийн хийц, урын сан,  орчин үеийн хэрэглээний асуудлуудыг хөндөж ярилцах бол үзэсгэлэнд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаанаас шалгарсан шилдэг морин хуурыг дэлгэн харуулна.
 
Нэмж мэдээлэхэд, 2008 онд “Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллага байгуулагдаж, олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсны нэг нь Улаанбаатар хотод хоёр жил тутам болдог морин хуурын олон улсын наадам юм.
 
Наадмын хүрээнд 2008, 2012, 2016 онд наадам-симпозиум, 2010, 2014 онд наадам-уралдааныг тус тус зохион байгуулсан. Дээрх арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын нийт 600 гаруй морин хуур суралцагсад болон багш, судлаач, урлаач, хамтлаг, чуулга оролцсон байна.
 
Наадам, симпозиум, уралдааны уран сайхан, эрдэм судлалын цар хүрээ улам бүр өргөжиж монгол үндэсний морин хуур дэлхийн олон орны иргэдийн шимтэн суралцдаг, судлан шинжилдэг хөгжим болсоор байгаа нь улс орныхоо соёлын нэр хүндийг дэлхий дахинд ахиулахад чухал хувь нэмэр болж байна.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх