Б.Бат-Эрдэнэ: 60 тэрбумын асуудалд цэг тавихгүй юмуу

Улс төр Admin Галаа 2018 06 сар 27 927

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 16 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд,  Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг бусад хуулийн төслийг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Монгол Улсад хүн амьд явах баталгаа байна уу. Өдөр бүр амь насаа зүй бусаар төрийн алба хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж амь насаа алдаж байна. Тийм учраас үндсэн хуулиар олгогдсон  16,1,16.2-т зааснаар амьд явах,

эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаагаа хангуулах, үндсэн хуулийн хууль зарчим дээр УИХ онцгой анхаарахгүй бол болохгүй байх. Дараагийн асуудал бол дуусдаггүй яриа гэдэг шиг  60 тэрбумын асуудалд цэг тавихгүй юм уу. Өнөөдөр нэг  гишүүн нь чуулгандаа суухгүй, нээлттэй сонсгол хийнэ гээд УИХ-ын 17 гишүүн гарын үсэг зурсан байна. 60 тэрбумын асуудлыг яаралтай шийдвэрлэж цэг тавихгүй бол 2020 оны  сонгууль дөхөх тусам асуудал үүснэ шүү. Өнөөдөр нийгэмд эргэлзээтэй байгаа энэ асуудалд цэг тавих  санаачилга гаргахгүй юм уу гэдэг саналыг тавьж байна. Зөвхөн нээлттэй сонсгол хийгээд  шийдэж чадахгүй.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт  оруулах хуулийн төслөөр АН тав хоногийн завсарлага авна гэдгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэв. Үүнийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж эсэргүүцэж  байр  сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг таслан зогсоож шүүх дээр захиалгат луйврын шийдвэрээ гаргуулж, Эрдэнэтийн 49 хувийг хамаад үлдэх оролдлогыг хийх гэж байна. Байнгын хороо дээр  би  тус хуулийн төслийн томьёолол нь өргөтгөсөн байж болно гэж хэлсэн. Засгийн газарт өргөн барьсан энэ хуулийг би дангаараа ч оруулсан юм биш. Засгийн газартай ярьж байгаад оруулсан хуулийн төсөл. Улайм цайм Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөрчиж, шүүх хурал хийж луйврын талд шийдвэр гаргадаг энэ байдлыг таслан зогсоохын тулд оруулж ирсэн хуулийн төсөл. Өнөөдөр завсарлага аваад өнгөрлөө гэхэд маргааш ард түмэн шийднэ. Бүх булхай луйврыг чинь мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг авахдаа улсаас мөнгө гаргуулж хулгайлж авсан ажиллагааны чинь бүх хөзрийг нь ард түмэн мэдэх болно. 100 тэрбум төгрөгийг Монголбанкнаас гаргуулаад маргааш нь Худалдаа хөгжлийн банк руу шилжүүлж нөгөөдөр нь Ц.Пүрэвтүвшингийн данс руу хийгээд дараах өдөр нь Орос руу шилжүүлж, Эрдэнэтийг худалдаж авах  эхний төлбөрөө хийсэн юм билээ.  Ганцхан жишээ нь энэ шүү. Д.Эрдэнэбат аа, та нарын хийсэн ажил энэ шүү.  Энийгээ  худлаа гэж байгаа бол шүүх дээр очоод надтай заргалдаарай. АН үүнийгээ хамгаалж  үлдэхийн тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд завсарлага авч байгаа юм” гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

zochin 2018 07 сар 07

baterdene abraga yagaad dandaa esreg sanal, hkeruuliin ug yriad bgaa um, eeree er ni yu hkiisen um bol ene olon jil