Ажил хаяна гэснээс хойш асар их дарамт ирж байна


Ажил хаялт зарлахаас 48 цагийн өмнө буюу өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос хэвлэлийн бага хурал зарлав. Тэд ажил хаялтад нэгдэнэ гэсэн эмч нарыг дарамталж, хууль зөрчсөн үйлдлүүд гарч байна гэв.

Эмч нар “Засгийн газрын гишүүд дүүргийн эмнэлгээр үйлчлүүлдэггүй, тусгай эмнэлгээр үйлчлүүлдэг тул эмч нарын ажлын орчин нөхцөл, ачааллын талаар мэдэхгүй байна. Бид цөхөрч байна. 2-3 хүний ажлыг нэг хүн хийдэг. Яагаад бидний ажлыг үнэлэхгүй байна вэ” гэсэн юм. Бид хэдий тангараг өргөсөн ч ядуу амьдарна гэж тангараг өргөөгүй.

Засгийн газар бидэнд хариу өгөх хүртэл бүх шатны эмнэлэгт ажил хаялт үргэлжилнэ. Хүссэндээ ажил хаялт зарлаагүй. Бид зээлээс зээлийн хооронд амьдардаг. Сувилагч нар өдрийн хоол тэр бүр авч идэж чаддаггүй. Амталсан будаа идэж байна. Таван сарын 1-нээс хойш бидэнд маш олон албан шаардлагыг төрөөс илгээсэн. Хүн төрөх, үхэхдээ эмнэлэгт л очдог. Засгийн газрын гишүүд 60 тэрбум төгрөг авч өгөлцөөгүй бол биднийг дэмж гэв.

Ажил хаялт маргааш эхэлнэ. Гэхдээ эмнэлгүүдийн мэс засал, гэмтлийн тасгууд 103, төрөх эмнэлгүүд, сэхээн амьдруулах тасгууд хэвийн ажиллах юм байна. Харин хэвтэн эмчлүүлэх, үзлэгийн тасгууд ажиллахгүй.   

МҮЭХ-ны төлөөлөл н.Адьяа: Хөдөлмөрлөх нь хүний үндсэн эрхийн нэг мөн. Асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэж болох байв. Ажил хаялтад хүрсэн шалтгааныг та бүхэн сайн мэдэж байгаа. Засгийн газар бол бидний ажил олгогч. Тэд үүргээ биелүүлээгүй тул хөдөлмөрийн маргаан үргэлжилсээр байна. Бид их харамсаж байна. Төр засаг дахь хүнд суртал, хөшүүн хойрго байгааг нь харууллаа.  

Бид эмч нартаа хуулийн, бодлогын, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллана. Ажил хаялт бол эцсийн шатанд авах арга хэмжээ юм. Үүнээс үүдэн хүний эрүүл мэндтэй холбоотой ямар нэг асуудал үүсвэл хариуцлагыг Засгийн газар хүлээнэ, эмч хүлээх ёсгүй. Тэд эрхээ эдэлж, ажил хаялтад оролцоно. Бид ажил хаялтын талаар ЭМЯ, Хөдөлмөрийн яаманд урьдчилан мэдэгдсэн.

Монголын эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭ-ийн дарга Б.Мягмар:

Бид хууль ёсны ажил хаялтаа маргааш зарлана. Гэтэл зарим эмнэлгийн дарга нар, Засаг дарга нар ажил хаялтад нэгдсэн эмч, сувилагч нарыг хууль бусаар дарамтлан, ажил хаялтын талаарх дэлгэрэнгүй мэдээллээ өг гэх мэтээр дарамталж байна. Бид ажил хаялт зарлахгүйн тулд 6 сар тэмцлээ. Энэ салбар хүнд байдалд орсныг олон удаа сануулсан, анхааруулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ аль хэдийнэ доголдчихсон байсан. Жишээ нь Төв аймагт эмч сувилагч нар дутагдалтай байгаа шүү дээ. Тэнд тэтгэвэрт гарах нас нь болсон сувилагч одоо ч ажлаа хийж байна. Мэргэжлийн эм зүйч нар их дутагдалтай.

Эрүүл мэндийн салбарт амь тариа хийх цаг болсон. Бидний цалин өсөөгүй атлаа худалдан авах чадвар ямагт буурсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам саад учруулан, хугацаа алдаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл биднийг дорд үзэхээ зогсоо. Алтан гартнууд, цагаан нөмрөгтнүүд ажил хаяхаас өөр аргагүй байдалд орсон юм шүү.Бид шударга үнэлэмж тогтоохыг л шаардсан. Ард түмэн биднийг дэмжиж байнУлстөржүүлсэн, нам дарах гэсэн бодлогыг бид давна, туулна. Гүтгэлэг, доромжлол, дарамтыг одоо ч хамтдаа давж байна. Энэ бүхэн хэрээс хэтэрсэн. Уг нь 13 тэрбум төгрөгийг л цалин нэмэхэд зарцуулах юм. Гэтэл хэдэн тэрбумаар нь мөнгө угааж байгаа билээ. Солонгос руу хэн явж байна гэхээр зуу зуугаар эмч, сувилагч нар явж байна. Манай улсын баруун хязгаарт хүний нөөцийн хомстол бүр ч дордсон. Эцэст нь 24 цаг үлдсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоохын төлөө хийж буй ыидний тэмцлийг улс төрийн башир арга хэрэглэн дарах гэж оролдож байгаад их ичиж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх