УИХ-ын дарга бөхийн галаар зочиллоо


Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээ энэ жил 10 жилийн ойгоо угтаж байна. Тус дэвжээг анхлан санаачлагчийн хувиар УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр дэвжээндээ зочилж, бөхчүүдийнхээ наадмын бэлтгэлтэй танилцлаа.

 

Тус дэвжээнээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Ч.Батчулуун, Г.Ганжад нарын зэрэг 10 шахам улсын цолтон төрөн гарчээ.

Энэ жилийн хувьд тус дэвжээний бөхийн галд 60 орчим бөх үндэсний их баяр наадмын бэлтгэлээ базааж байна. Бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн, улсын цолоо ахиулах, шинэ цолд хүрэх горьдлоготой хэд хэдэн бөх байгаа талаар дэвжээний зөвлөх, Монгол Улсын арслан Л.Сосорбарам, Төв аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн А.Ууганбаяр нар ярьж байна




Ахмад бөхчүүд, нутгийн зон олон нь аймгийн арслан Г.Өсөхбаяр, Э.Ууганбаяр, Д.Хүдэрбулга нарын зэрэг бөхчүүдийг энэ жил улсын цол хүртэх бөхчүүдийн таамагт багтааж байгаа юм байна. Энэ өдөр болсон сорилго барилдаанд улсын заан Б.Батмөнх түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, аймгийн арслан Г.Өсөхбаяр нар үлдэв. Бөхчүүд “Төрийн наадам дүрэм журмынхаа дагуу сайхан болно. Бөхийн холбоо тойрсон маргаан бидэнд хамаагүй. Бэлтгэлээ сайн базааж, хууль дүрмээ сахин биелүүлж, олон түмнээ баясган цэнгүүлэх л бидний зорилго” гэж ярьж байна.  

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх