З.Азат: Үерийн усанд нийт таван хүн эрсдэж, хоёр хүн сураггүй алга болсон


Ховд голын ус үерлэсний улмаас Баян-Өлгий аймагт бага насны хүүхдүүд эндсэн гэх мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөт, бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн З.Азатаас  холбогдож цөөн зүйлийг тодрууллаа. 

-Ховд гол үерлэсний улмаас олон хүн осолдож нас барсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Энэ хавар Баян-Өлгий аймагт бороо ороогүй учир  нийт нутгийн 90 хувь нь гантай байна. Малчид, ард иргэд Ховд голын эрэг дагуу ширэг дагаж эрэг дагуу зусаж байгаа. Аймгийн хэмжээнд энэ зун цаг агаар сэрүүн байж байгаад сүүлийн 15 хоногт цаг агаар эрс дулаарсан. Мөн Ховд гол үерийн түвшинд хүрч олон хүн усанд осолдсон хэрэг гарсан.

-Аль сумдын иргэд осолдсон бэ?  

-Ховд гол Алтанцөгц, Цэнгэл, Баяннуур, Ногооннуур, Өлгий, Сагсай, Бугант, Улаан-Ус зэрэг сумдаар дайран урсдаг. Энэ сарын 18-ны өдөр Алтанцөгц суманд нэг иргэн голын усанд осолдсон. Мөн өөр хоёр иргэний цогцсыг аймгийн ОБА-ны ажилчид уснаас гаргасан. Өнөөдрийн байдлаар сураггүй алга болсон хоёр иргэн байна. Тэднийг голын усанд үйж нас барсан байж болзошгүй гэж таамаглан эрлийн ажиллагааг явуулж байна.

-Цэнгэл суманд алга болсон хоёр настай эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар мэдээлэл байна?   

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хоёр настай хүүхэд алга болсон дуудлага энэ сарын 06-ны өдөр ирсэн. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн зургаан албан хаагч нэг машин, нэг завиар ар гэрийнхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллагааг явуулсан ч өнөөдрийг хүртэл хүүг олоогүй. 

-Хүүхдийг хэдэн километрийн тойрогт хайсан бэ? 

-Хүүхдийн алга болсон газрын ойролцоо голын ус боож тогтоол нуур үүсгэсэн байсан. Нуурын усанд осолдсон байж магадгүй хэмээн гурав хоног хайх ажиллагааг хийгээд эрлийн баг буусан. Түүнээс биш аймгийн хэмжээнд хүүхдийг хайх  ажиллагааг зэргэлдээ сум орон нутгаар явуулж байгаа. 

-Баян-Өлгий аймгийн ОБА-аас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг агаарын аюултай нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээг иргэдэд хүргэсэн үү? 

-Малчид ард иргэдэд цаг агаарын мэдээг байнга хүргэдэг. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг анхааруулга явуулдаг боловч айлууд голын эрэг дагаж хаваржиж зуссанаар усанд боогдох үерт автах гэх мэт эрсдэлд орсоор байна. ОБА-ны зүгээс айл нүүлгэх, уснаас мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх