Малайзын экс ерөнхий сайд баривчлагдлаа


Өчигдөр буюу Мягмар гарагт Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакийг тус улсын авлигатай тэмцэх байгууллага төрийн баялгийн сантай холбоотой олон тэрбумын хэргийг шалгах ажлын хүрээнд баривчилжээ.

 

Засгийн газрын 1MBD сангаас алдагдсан мөнгийг мөрдөн шалгаж байгаа албаныхан Нажибыг түүний данс руу шилжсэн 42 сая ринггитийн ($10.6 сая) сэжигтэй гүйлгээтэй холбогдуулан баривчилснаа тайлбарласан байна.

Өнөөдөр буюу Лхагва гарагт экс ерөнхий сайдыг шүүх ажиллагаа болно гэж бас мэдээлжээ.

Тавдугаар сарын 9-нд Нажибын тэргүүлсэн эрх баригч нам сонгуульд ялагдаж, сөрөг хүчин засгийн эрхэнд гарсан юм. Тэгвэл энэ явдлаас хоёр сар орчмын дараа түүнийг ийнхүү баривчилж байна.

Шинэ засгийн газрын тэргүүн 92 настай Махатхир Мохамад өмнөх засгийн үед дарагдаж байсан 1MDB сангийн хөрөнгөтэй холбоотой хэргийг дахин шалгаж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Нажиб болон түүний эхнэрийн эзэмшлийн байрнуудад нэгжлэг хийж, тэднийг Малайзаас гарч явах эрхгүй болгоод байв.

Нэгжлэгийн үр дүнд 1.1 тэрбум ринггит буюу $272 саяын үнэлгээтэй эд зүйлсийг хураасан юм. 

Нийтдээ $4.5 тэрбум Малайз улсын баялгийн сан 1MDB-ээс алдагдаад байгаа. 

Уг хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд нийт 81 хувь хүн, 55 компанийн нэр дээр байдаг 408 банкны дансыг царцаажээ. 2011-2015 оны хооронд тэдгээр дансанд 1MDB сангаас янз бүрийн хэмжээний мөнгө шилжиж байсан юм. Тэдгээрт одоогоор нийтдээ 1.1 тэрбум ринггитийн бэлэн мөнгө байгааг мөрдөн байцаагчид мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх