Г.Нэргүй: Согтуурсан үедээ усанд осолдох тохиолдол их байна


Үер усны нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа.

-Улаанбаатар хотод орсон аадар борооны улмаас ямар хүндрэлүүд үүссэн бэ?

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-уул, Налайх  дүүргийн  авто зам,орон сууцны болон айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, авто зам дээр лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Цагдаагийн ерөнхиий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101,105 дугаарын утсанд нийт 96 удаагийн дуудлага ирснээс 76 дуудлагад  заавар,зөвлөмж өгч, 20 дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга,дэд дарга,хэлтсийн дарга  нар газар дээр нь ажиллаж,аврах хор уршигийг арилгах арга хэмжээг шуурхай авч ажилласан.

-Нийслэлд хэдий хэр хэмжээний хохирол учраад байна вэ?

-Нийт дуудлагын ихэнх нь 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон,24,9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан  зэрэг дуудлага байна.Нийт 33 иргэнийг үерийн аюулаас аварч, 2 иргэн осолдсоныг гарган цагдаагийн албанд хүргэж өгсөн.

-Хоёр иргэн амь эрсэдсэн тухай тодруулахгүй юу?

-Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт Хөлийн гол орчмын хажууд цахилгаан дамжуулах шугамын модон тулгуур багана унасан газрын орчим нас барсан нэр ,хаяг ,нас барсан  шалтгаан нь тодорхойгүй 60 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон. Мөн дүүргийн 9-р хорооны Шархадны хэсэгт нэр хаяг нь тодорхойгүй үерийн усанд осолдож амь эрсэдснийг эрлийн ажиллагаа явуулж цагдаагийн албанд тус тус хүлээлгэж өгсөн.

-Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор усанд осолдох тохиолдол цөөнгүй гарч байна. Үер, гол усны ослоос хэрхэн сэргийлэх вэ?

-Усанд живж амиа алдсан иргэдийн ихэнх нь буюу 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог байна.Иймд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэдий сайн сэлдэг ч гэсэн усанд орохгүй байх нь зөв. Хүчтэй аадар бороо энэ сарыг дуустал орох төлөвтэй байгаа.Тиймээс та бүхэн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх,тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам,гүүрээр зорчиж гол усанд унах,осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

-Завьт эргүүлүүд ажиллаж байгаа юу?

-Аялал зугаалгаар явж буй хүмүүст санамж,сэрэмжлүүлэг тарааж,гол мөрний  эрсдэлтэй газруудад тэмдэг,тэмдэглэгээ байршуулж,хамгаалалт тавих,цагдаагийн байгууллагатай  хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна. Мөн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж эрсдэлтэй газруудад аялал зугаалгыг  түр хязгаарлах ,хяналтын цэг ,хөдөлгөөнт болон морин эргүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх