Сурталчилгаандаа бялуурсан Үндэсний их сургууль

Боловсрол Admin Today 2018 07 сар 19 1016

“Муу махыг гуриланд боож далдруулдаг” гэдэгчлэн Монголын үндэсний их сургуулийн сурталчилгаа хэрээс хэтэрч, хүмүүст таалагдах бус сөрөг харагдах болсныг ярьж байна. Солонгосын хөрөнгө оруулалттай гэгдэх энэ сургуулийн сурталчилгаа, түүнийг магтан дуулсан зүйлс хот хөдөөгүй өрнөж байгаа юм. Тэдний хувьд “Монголын хамгийн том сургууль болох Монголын үндэсний их сургууль” хэмээн хадуурах нь арай л өрөөсгөл. Хэн, хаанаас Монголын үндэсний их сургуулийг хамгийн том гээд хэлчихсэн юм бэ. Мэргэжлийн байгууллагууд болон салбар яамнаас лавтай ийн хэлээгүй бололттой. Ерөөсөө үйл ажиллагаа нь доголдож, бусад талаараа тааруухан байгаа зүйлийг л сайтар рекламдаж байгаа нь харагддаг. Бас болооогүй, “Дэлхийн оюуны бренд Монголын үндэсний их сургууль” хэмээн халуурах нь тийм ч таатай бус. Даяаршлын эрин цагт “Монгол Үндэсний” хэмээн нэрлэгдэх энэ сургуулийн сургалтын агуулга, нэрний ач холбогдолтой шууд утгаараа харшилсан сурталчилгаа ч харагдана. Энэ бүгдийг харахаар чанар муутай барааг хүчтэй рекламдаж борлуулдаг даа гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирнэ.

Монголын үндэсний их сургуулийн сурталчилгаа нь бүр нэг арилжааны шинжтэй болж байгаа нь хүмүүсийн дургүйцлийг ихэд хүргэх боллоо. Мэдээжийн хэрэг хувийн хэвшлийн сургууль бол бизнес мөн. Хэн ч гэсэн бизнесээ өргөжүүлээд хөгжүүлээд явахыг эрмэлзэх нь дамжиггүй. Энэ утгаар нь авч үзвэл сургуулийн бизнестэй нөхдүүдийг муучлах аргагүй. Гэвч Монгол Улсын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэж байгаа аливаа сургууль хэт арилжааны агуулга руу хальтирч орох нь аюултайг ч хаа хаанаа сануулсаар.

Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад  Монголын хамгийн том сургууль болох Монголын Үндэсний Их Сургуулиас 20 жилийн ойн баяраа тохиолдуулан 2018-2019 онд шинээр элсэгч оюутан залуустаа зориулсан ОНЦГОЙ БЭЛЭГ задалж байна. Тус сургуульд бүртгүүлэн шинээр элсэж орсон оюутнууд ирэх есдүгээр сарын 01-нээс өмнө сургалтын төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд дараах бэлэгнээс сонгох боломжтой боллоо. Тухайлбал элсэлтийн бүртгэлд хамрагдаж, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн 2000 оюутанд урамшууллын ваучер, 700 оюутанд “Оюутны орон сууц”-анд нэг жил үнэ төлбөргүй амьдарч сурах эрх олгох бэлгээ задаллаа” гэх мэт сүлжээ дэлгүүрүүдийн урамшуулал зарладаг шиг, агуулах чөлөөлөх худалдаа шиг рекламыг явуулах болжээ.

Манай улсын үндэсний ганц том сургууль болох МУИС-тай адилхан нэрийн товчлолтой, хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд хүртэл андуурсан тохиолдол байсныг урьд өмнө мэдээллийн хэрэгслүүдээр бичиж л байсан.

Ямартай ч ШӨХТГ болон Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.4-т ”…аж ахуй эрхлэгчийн нэр,….-ийг хуулбарлах-ыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байдаг тухай ч мэдээлсэн нь бий. Иймд холбогдох албаны хүмүүс тус сургуулийг нэрээ солихыг шаардаж байсан тохиолдол ч байдаг аж.

Н.Баатар

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх