"Н.ЭНХБААТАРЫГ АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА"


АТГ-аас өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ Авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн сард нийт есөн удаа сургалт явуулсан байна. Ингээд тус газрын мөрдөн шалгах ажиллагаа, ХОМ-ийн талаар статистик мэдээллийг өгсөн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байна вэ?

-Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тусгаарлагдсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна. Ингэснээр хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон. Дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.

-АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан бичлэг сошиалаар тарсан. Энэ уулзалтаас үүдэж С.Баяр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн гэх хардлага үүсгээд байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Яллагдагчтай прокурорын хяналтын дор өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан. Энэ уулзалт  бол иргэн хүний өөрт оногдсон эрхийнх нь хүрээнд явагдсан ажил юм. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл биш.

-Ямар шалтгаанаар уулзсан юм бол?

-Яллагдагч өөрөө зарим асуудлыг анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавьж уулзсан. 

-МИАТ-ийн Захиргаа хууль эрх зүйн асуудал эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг шалгаж байгаа нь үнэн үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байна. Хэвлэлээр гараад байгаачлан 600 сая төгрөгийн авлига авсан, үйлдэл дээрээ баригдсан гэх зүйл байхгүй. Түүнийг авлига албан тушаалтын гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах шаардлага гарсан. Өчигдөр баривчилсан.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх