Экспорт, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр ажиллана

Улс төр Admin Today 2018 07 сар 26 379

Xүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижи тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр (2018.07.25) хүлээн авч уулзлаа.

 

        Уулзалтын эхэнд, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижид хандан, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад нь талархал илэрхийлэв. Тэрбээр, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрыг 2018 оны 4 дүгээр сард шинээр эмхлэн байгуулсан явдалд баяр хүргээд, мал аж ахуй, хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын газар (State Administration for Market Regulation) нь гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, итгэмжлэл-баталгаажуулалт олгох, аж үйлдвэр, хүнсний бараа бүтээгдэхүүний чанарын хяналт, Монополын эсрэг зохицуулалтыг хэрэгжүүлдэг Засгийн газрын тохируулагч агентлаг. Тус газрын Дэд сайд Цинь Ижи 2018 оны 7 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа айлчилж байна. Айлчлалын хүрээнд хүнсний болон мах үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд БНХАУ руу бүтээгдэхүүнээ экспортлох эрх олгох, стандарчилал, хэмжилзүй, итгэмжлэл-баталгаажуулалт зэрэг чиглэлээр санал солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж эрэлхийлж байгаа юм. Мөн талууд 2018 оны 4 дүгээр сард Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө өнөөдөр харилцан тохиролцохоор уулзаж байгаа нь энэ.

Энэ ч үүднээс Дэд сайд Ж.Сауле хамтарч ажиллах тодорхой саналуудаа илэрхийлэв. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, БНХАУ руу зөвхөн адууны мах экспортлоод зогсохгүй үхэр, хонь, ямааны махны экспортлох хүсэлтэй байгаа тул түр хоригийг цуцлахыг хүссэн.

Мөн Монгол Улсаас БНХАУ-д буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох саналыг холбогдох газарт уламжилж өгөх, Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн асуудал хариуцсан газартай Дэд сайдын түвшний ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн хивэг үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хянан магадлагаа хийх, хүнсний аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх тал дээр хамтарч ажиллах санал тавилаа.

Уулзалтад Монголын талыг төлөөлж, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг нар  оролцсон юм.

Харин БНХАУ-ын талаас, Хятадын гэрчилгээ, магадлан итгэмжлэлийн удирдлагын газрын дэд дарга Лиу Вейжүн, Хэмжилзүйн газрын дэд дарга Дү Юүэжүн, Гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Ма Вэншиү нарын албаны хүмүүс байлцав.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат: “Монгол Улсын нийт ажиллах хүчний 72 хувь ажиллаж, ДНБ-ий 17,3 хувийг үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэр хөгжиж байж, улс орны хөгжинө. Энэ ч утгаараа жижиг, дунд үйлдвэрийг санхүүгээр дэмжих зорилгоор 2009 онд Монгол Улсын Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байгуулан ажиллаж байна. Тус сан улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүждэг боловч батлагдсан төсөв нь хүрэлцдэггүйгээс олон аж ахуйн нэгжийн төслийг дэмжих боломжгүй байдаг” гэв. Тиймээс тэрбээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулахыг хүслээ. Мөн уулзалтын бүрэлдэхүүнд багтсан, Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл мал эмнэлгийн салбарын үйлчилгээг шинэ шатанд гаргахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, малын эмч бэлтгэх, мэргэшүүлэх тал дээр хамтарч ажиллах хэрэгтэй байгааг нэмж хэллээ.

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулалтаар дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс, бусад санхүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломж олгох, бизнес эрхлэгчдэд зориулсан богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн санал тавьсан.

БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газрын дэд сайд Цинь Ижи эдгээр тодорхой саналыг хамтран ажиллах төлөвлөгөөндөө тусгах боломжтой эсэхийг сайтар судлан үзээд, ойрын хугацаанд хариу өгөн, зарим саналыг холбогдох газарт нь уламжлах болно гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх