Төрийн аудитын газраас төсвийн орлогыг нэмэгдүүлэх санал хүргүүлэв


Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төлөвлөгөөг хэлэлцэж буй. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг шинэчлэн батлах тухай асуудлыг сонслоо.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод концессын “барих-шилжүүлэх” төрөлтэй нийтдээ 84.1 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 19 гэрээт ажил хэрэгжүүлж, дуусгажээ. Энэ оны төсөвт 11.6 тэрбум төгрөг тусган уг ажлуудыг санхүүжүүлснээр эргэн төлөлт дуусгавар болсон байна.

УИХ-аас Концессын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар тус хуулийн 8.3-т “Аймаг, нийслэлийн ИТХ орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын зүйлийн жагсаалт батлах, гэрээ байгуулах эрх олгох, аймаг, нийслэлийн Засаг дарга эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ. Дээрх хуулийн өөрчлөлт, концессын гэрээний өөрчлөлт зэргийг үндэслэн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг шинээр боловсруулжээ.

Ингэхдээ арван төсөл, хөтөлбөр тусгасан байна. Үүний гурав нь гэрээ байгуулсан, долоо нь шинээр нэмэгдэж буй төсөл, хөтөлбөр байна. Шинээр батлуулахаар боловсруулсан төсөл, хөтөлбөрийн гурав нь авто замын, хоёр нь боловсрол, соёл урлаг, биеийн тамирын салбарынх аж. Харин шинээр нэмэгдэж буй төслүүд нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын авто зогсоол барих, Улаанбаатар хотын баруун болон зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн ложистик төв барих, цэнгэлдэх хүрээлэн барих, нийслэлийн эмгэг судлалын төв байгуулах, “Монгол наадам цогцолбор” барих зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн Төрийн аудитын газрын саналыг тус газрын Санхүүгийн хэлтсийн дарга Ц.Бат-Өлзий танилцуулав.

Тэрбээр “Төсвийн орлогын бүрдүүлэлт давсан гүйцэтгэлтэй байна. Татварын орлогыг барагдуулснаар ирэх оны төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлуулсан сурталчилгааны болон хаягийн байгууламжийн төлбөрийг бүрдүүлээгүй зөрчил илэрсэн. Нийслэл, дүүргийн төсвийн зарим байгууллагын бүтэц орон тоо, ажлын давхардлыг арилгуулснаар ирэх оны төсвийн зарлагыг бууруулах боломжтой.

Ирэх онд зураг төсөвгүй ажил санхүүжүүлэхгүй байх, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай. Нийслэлийн Төрийн аудитын газраас ирэх оны төсвийн орлогыг зургаан тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг нэг тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргаж байна” гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх