Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ


Яг одоо Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүнд шүүгчээр Х.Идэр, улсын яллагчаар У.Дэндэвдорж, өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Н.Тэрбиш нар оролцож байна. Мөн хохирогч, гэрч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 11 хүн хуралд оролцохоор иржээ.

Ц.Оюунбаатар нь Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263,2-т зааснаар шүүж байгаа юм. Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас удаан хугацаанд шалгасан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ.

Хэргийг эргэн сануулбал, тэрээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх