Ж.Хичээнгүй: Сайн гүйцэтгэл залуу хүний нэрийн хуудас


Төрийн орон сууцны корпораци  (ТОСК)  зорьсондоо хүрвэл олон мянган залуус түрээслэх замаар болон өнөөдөр хэрэгжиж буй 8 хувиас бага хүү, илүү нээлттэй боломжоор хувьдаа орон сууцтай болох боломж бүрдэнэ. Энэ ажлыг Ж.Хичээнгүй толгой­­лон ажиллаж байна.  Та түүний нэрийг элдэв дуулиан, сандал ширээ булаацалдсан мэдэг­дэл, улиг болсон сонин, хэвлэлийн хуудас­наас нэг их харж байгаагүй байх. Харин хийсэн ажлууд, санаачилсан төслүүд нь бидний нүдэн дээр ажил хэрэг болон харагдаж буй. Түүний арга барил энэ. Харьцангуй залуу хүн Монголын хөгжлийн ирээдүйд хамгийн чухалд тооцогдох Төрийн орон сууцны корпорацийг тэргүүлж яваа Ж.Хичээнгүйд шинэ төлөвлөгөө байна. 

Шийдэх боломжгүй зүйл гэж байхгүй

-Та хоёр жилийн өмнөөс ТОСК-ийн захирлын албанд очсон. Хэдийгээр өмнө нь ажиллаж байсан ч гэсэн шийдвэр гаргах түвшний байр суурь, бодлогоо бүрэн хэрэгжүүлэх боломжтой болсон. Анх энэ албанд ирэхдээ өөртөө тавьж байсан зорилго юу байсан бэ? 

-Анх ирээд яг үнэндээ төлөвлөснөөрөө ажиллах боломж байгаагүй. Санхүүгийн зөрчилтэй, 291 тэрбум төгрөгийн өртэй байгууллага хүлээж аваад 197 тэрбум болтол төлөөд байна. Эхний ээлжийн асуудлуудыг шийдэж, жигдлээд цааш урагшлахгүй бол болохгүй байсан. Байгууллага удирдах хүн гоншигоноод суух биш хамт олонтойгоо нийлээд зүтгэсэн. Одоо бол ТОСК санхүүгийн хувьд тогтвортой болж ирж байна. Эрчтэй ажилласаны хүчинд дуусаагүй олон барилгыг хөдөлгөөнд оруулж, 1562 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн байгууллагыг чадавхжуулах ажлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сайн хийлээ. Одоо бид цэвэр төслүүд рүүгээ орж, орон сууц, ипотекийн асуудлыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

-Ажлын гол арга барил чинь юу вэ. Том ажлуудын ард гарахын тулд юуг чухалчилдаг вэ? 

-Тухайн ажлаа дэс дараалал, логиктойгоор амжуулах нь чухал. Залуу, эрч хүчтэй хүн гээд шууд нэг амьсгаагаар дайрчихаж бас болдоггүй. Судалж, бодож байна гээд цаг алдвал бас л хэцүү. Харин хийх ажлаа эхлээд “шинжлэх ухаанч”-аар нарийн дэс дараалалд оруулаад авбал хэцүү, хүнд гэхгүйгээр ард нь амархан гарчихдаг. 

-Залуу хүмүүст төрийн алба хуучинсаг, уйтгартай санагддаг. Харин юу таныг энэ ажилд авчирсан бэ? 

-Надад бизнес хийгээд ч юм уу, хувийн карьер хөөгөөд явах хангалттай боломж байсан. Сонирхол маань ч гэсэн тэр зүг рүү чиглэж байв. Гэвч амьдрал дандаа санаснаар болох биш дээ. Аав маань сонгуулийн өмнө бурхан болсон. Энэ шийдвэрт маань хүчтэй нөлөөлсөн. Улс төр ямар байгааг залуус бид бүгдээрээ л харж, мэдэрч байгаа. Тэглээ гээд өөрсдөө орж ажиллаж, энэ болохгүй бүтэхгүй зүйлстэй нүүр тулахаас нааш энэ байдал өөрчлөгдөхгүй, эрүүл болохгүй. Тиймээс би төрийн алба руу орсон. Мэдээж энэ бол ганцаараа хийж чадах зүйл биш. Төрийн ажил гэдэг бол багийн ажил байдаг. 

-Монгол Улсад амин чухал хэрэгтэй байгууллагыг тэргүүлээд ажиллаж байгаа залуу хүний хувьд ур чадвар мэдлэг гэхээсээ илүүтэй залуу хүн гэдэг шалтгаанаар адлагдах үе байсан уу? 

-Тийм зүйл байдгийг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ эсрэгээрээ давуу тал нь их. Гол нь тэр давуу талуудыг өөрөө бий болгох хэрэгтэй. Залуу хүний эрч хүч, шинэ санал санаачилга, шийдлийг хурдан олдог гээд давуу тал их. Анх намайг “rent to buy” хөтөлбөр хийе гэхэд ойлгохгүй, хүлээж авахгүй л байсан. Бүүр залуу хүн гээд шүүмжлэх үе байсан ч төслийн маань төлөвлөгөө, үр дүнгийн тооцоо үнэхээр сайн байсан болохоор хэрэгтэй, зөв санаа байна аа гээд эргүүлж байсан тохиолдол ч бий. Шийдэх боломжгүй зүйл гэж байхгүй. Зөв гарцыг нь олоод заавал хийх ёстой гэсэн зарчмаар ажилладаг. Шантрах гэхээсээ ажил явахгүйд урам хугарах тохиолдол байсныг нуухгүй ээ. Гэхдээ энэ бүхнийг даван туулж байж л амжилтад хүрнэ. Алдаа хаана нь байна түүний шийдэл нь юу вэ гээд л зүтгэхгүй бол зүгээр суугаад бүтдэг ажил гэж байхгүй шүү дээ. 

-Ямар ч нийгмийн өөрчлөлт залуучуудаас гардаг. Түүхийн турш дахь бүхий л хувьсал, тэмцэл залуусын хүч оролцоогоор бүтдэг. Өнөөгийн залуус ямар байна вэ, өөрчлөлт хийх хүч нь, хамгийн гол нь сонирхол нь байна уу? 

-Дээд үеийнхэн залуусыг ихэнхдээ “өндөр” дээрээс харж, гоочлох хандлагатай байх нь бий. Үүнд зөв, буруугийн аль аль нь байгаа байх. Хамгийн гол нь бид хийж байгаагаа харуулах, зорьсон ажилдаа тууштай байх, үр дүнг нь эцсийг хүртэл үздэг байж өөрсдийгөө “тунхаглана”. Би л залуу гээд цээжээ дэлдээд байж болдоггүй. Сайн гүйцэтгэл бол залуу хүний нэрийн хуудас байдаг. Тэгэхээр ажлаа гаргаахгүй, хамгийн сайн гүйцэтгэлээр л хийх чухал.  

Хөгжингүй улс оронд очиход хамаг юм нь болчихсон, зүгээр л урсгалаа дагаад явахад болохоор байдаг шүү дээ. Тэдгээрийн хажууд Монгол асуудал ихтэй шигээ хийх ажил, шинэ зүйл сэдэж нэвтрүүлэх боломжоор дүүрэн орон.

Таны хувьд өнөөдрийн Монголын нөхцөл байдлыг боломж гэж хардаг уу, зовлон гэж хардаг уу? 

-Залуу хүний хувьд боломж гэж хардаг. Хөгжингүй орнуудын хувьд бүх юм нь ханасан, тогтсон, шинээр сэтгэх, энийг өөрчлөх гэхээсээ илүүтэй адал явдал багатай болчихож байгаа юм. Манай дээр асуудал байна гэдэг чинь үүнийг шийдэх арга зам, ажил хэрэг болгох хүн хэрэгтэй л гэсэн үг. Бид Монгол Улсын түүхийн маш өвөрмөц үед аж төрж байгаа гэж боддог. Хөгжих боломжийг хаасан түр зуурын гацаанаас салчихвал эх орноо өндөр хөгжилтэй орон болгох том ажлыг эхлүүлсэн үе гэж нэрлэгдэж үлдэх боломжтой ийм чухал цаг үе шүү дээ. Залуус ажиллааад байхаас өөр яах билээ. 

-Ажлаасаа хамгийн их таашаал мэдэрдэг үе хэзээ вэ? 

-Би ийм амжилт гаргалаа гэхээс илүүтэйгээр манай ажлын анхан шатны нэгж буюу мэргэжилтэн, цаашлаад бүтээгдэхүүн хүрч байгаа иргэн хоёрын хооронд инээмсэглэсэн харилцаа үүсээд, бие биедээ “Баярлалаа” гэж байгааг харах л хамгийн сайхан. Тэндээс л би урам, зориг авдаг даа.

-Өөр юу таныг эрч хүчтэй болгодог вэ. Ажиллаагүй үедээ хэнээс, юунаас эрч хүч авдаг вэ? 

-Өөрийгөө зөв амраах, эрч хүчээ ямар нэг зүйлээр нөхөж, өөрийгөө байнга цэнэглэх гэдэг ажлын нэг чухал хэсэг шиг санагддаг. Залуу нас хэдий эрч хүчээр дүүрэн, оргилуун ч гэлээ робот биш шүү дээ. 

Би баримтат ном, тэр дундаа улс, хотуудын хөгжил дэвшлийн түүх, нууцыг харуулсан ном унших дуртай. Мөн агаар салхинд гарах, дасгал хөдөлгөөн хийх, найз нөхөд ойр дотнынхонтойгоо уулзаж, ярилцаж эрч хүч авдаг. 

Өвөө, аав хоёроос хойш их хүнд ачаа нуруун дээр ирдэг юм билээ

-Таныг Ж.Хичээнгүй гэж харахаас илүүтэй Монгол Улсын Ерөнхий сайд Жасрай гуайн ач гэж хүмүүс мэднэ. Өвөөтэйгөө хэр ойрхон өссөн бэ? 

-Би өвөөгийн хүүхэд. Уул нь их л сахилгаггүй өссөн хүүхэд юм шүү дээ. Гэхдээ өвөө аав хоёроос хойш их хүнд ачаа нуруун дээр ирдэг юм билээ.     

Аравдугаар ангиа төгсөх жил өвөөтэйгөө ямар мэргэжил эзэмшвэл зүгээр талаар зөвлөлдсөн юм. Өвөө бид хоёр бараг бүтэн өдөр энэ тухай ярилцаж мэргэжлээ сонгож байлаа. Өвөө тооны хүн байсан болоод ч тэр үү, бүх юмыг тоо баримттай ярина. Жишээ нь, Монгол Улсад өндөр технологи хөгжсөнөөр ДНБ-ий 40 хувийг дангаар хангах өндөр ашигтай, хөрөнгө оруулалттай бизнес байгаа гэх зэргээр тоогоор санаагаа баталж ойлгуулна. Энэ нь нөлөөлөөд бас химийн чиглэлд сонирхолтой байсан нь намайг биотехнологийн инженерийн мэргэжлээр суралцахад нөлөөлсөн. Харин төгсөөд Монголд мэргэжлээрээ ажиллах боломж хомс байсан. Тиймээс хуульчийн мэргэжлээр дахин бакалавраас эхэлж сурсан. Ер нь би багаасаа бусадтай мэтгэлцэх, ярилцах дуртай байсан, зүгээр маргах биш шинжлэх ухааны үндэслэлтэй ярилцах сонирхолтой байлаа. Мөн өмнө нь инженер, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсаны хувьд аливааг баримттай, ярьж хэлэхийн учрыг мэдсэн учраас хуулийн чиглэлийг сонгосон. 

-Өвөөгийнхөө хүчээр дарга болсон гэдэг “хов” сонсогддог уу? 

-Хүссэн хүсээгүй ааваараа, өвөөгөөрөө овоглож яваа болохоор сонсолгүй л яахав. Гэхдээ намайг сайн хүний үр удам гэж харах нь илүү байдаг болов уу. Тийм учраас өвөөгийнхөө, аавынхаа дайтай явж чаддагүй юм гэхэд нэрийг нь сэвтүүлчихгүй байх юмсан гэж өдөр бүр хичээж явна. Төрийн албанд ажиллах амбиц маань ч үүнээс үүдэлтэй. Төрийн алба бол миний өвөө, аав хоёрын ажиллаж, амьдралаа зориулж байсан салбар. Би бол аавынхаа үргэлжлэл. Энэ утгаараа хийгээгүй ажлыг нь дуусгаж, хүрээгүй газар нь очих ёстой гэж боддог. Жасрайн Жанцан, Жанцангийн Хичээнгүй гэж овоглуулж яваа учир би хазгай гишгэх эрхгүй. Ийм л чин зорилгоор төрийн байгууллагад эхнээс нь ажиллаж үзэх хэрэгтэй гэсэн зарчмын дагуу явсан. Тэгээд мэргэжилтнээс эхлээд Ерөнхий захирал хүртэл ажиллаж байна даа. 

ТОСК барилгын компани болчихсон нь үнэн. Энэ схемийг өөрч­лөхөөр ажиллаж байна

-Та өмнө ОССК-д ажиллаж байсан туршлагатай. Тэр үед ипотекийн зээлийн нөхцөл байдал, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр ямар байсан бэ? 

-Өнөөдрийнхөөс харьцангүй өөр нөхцөл байдлын талаар ярих хэрэг гарна. Тухайн үед орон сууцны зээл жилийн 16 хувийн хүүтэй байлаа. Тэгэхэд анх удаа төрийн албан хаагчдад жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл гаргах шийдэлд хүрсэн нь одоогийн ипотекийн зээлийн суурийг тавьсан. Үр дүн нь маш сайн, иргэдийн зээлийн хариуцлага өндөр байсан бөгөөд залуус орон сууцтай болох дараагийн алхам болох 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Журмыг боловсруулаад, нэлээн жигдрээд явж байсан боловч улс төрийн шалтгаанаас болоод зогссон. Тэр үед жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр гаргахаар ажиллаж байсан ч хөтөлбөр 8 хувийнх болоод үлдсэн. 

-Ажлын хэсэгт ороод, судалгаан дээр нь ажиллаж байсны хувьд асуухад 6 хувийн хүүтэй байх боломж үнэхээр байсан уу? 

-2012 он бол Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байсан үе. Зөв, ухаалаг хөдөлгөсөн бүх ажил гараанаас асуудалгүй гараад явчих боломжтой “алтан үе” гэх үү дээ. Орон сууцны зээлийн хүү зургаан хувиар тогтож, маш олон монгол залуус өөрийн гэсэн орон сууцтай болох бүрэн боломж байсан. Тэр үед байр худалдаж авдаг хоёр арга байв. Нэг нь тухайн компанитайгаа тохиролцоод график гаргаж төлөлт хийдэг. Эсвэл 100 хувийн төлбөр төлж байрандаа орох. Арилжааны банкуудын орон сууцны зээлийн хүү жилийн 16 хувь байсан болохоор хүмүүс тэр бүр зээл авч байгаагүй. Ийм нөхцөлд төрийн албан хаагчдад олгож, туршиж эхэлсэн ипотекийн зээлийн эргэн төлөлт маш сайн байсан. Өөрийн гэсэн орон байртай болж, санаа амар амьдарна гэдэг хүний анхдагч, маш чухал хэрэгцээ. Зөвхөн зээлийн эргэн төлөлт сайн байснаас гадна зээл өөрөө иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулж, хөрөнгийн зохицуулалт нь хүртэл дагаад өндөр болох жишээтэй. 

-ТОСК-ыг барилгын компани болсон гэж хүмүүс шүүмжлэх болсон. Энэ байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд та юу гэж хариулах вэ? 

-Яг үнэндээ өнөөдөр барилгын компани болчихсон байгаа нь үнэн. Энэ схемийг өөрчлөхөөр ажиллаж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг ХХК болгож өөрчилснөөр орон сууцны салбарт хүссэн хэмжээгээрээ тоглолт хийх боломж гарч ирнэ. Ингэхийн тулд гаднын эх үүсвэрээс 20 жилийн хугацаатай, бага хүүтэй зээлийг л авах ёстой гэдэг байр суурьтай байна. Авсан зээлээрээ орон сууцаа бариад иргэдийг түрээсийн орон сууцаар хангаж, урт хугацаандаа хувьд өмчлүүлэх нь манайд хамгийн тохирсон арга. 20 жилийн хугацаатай зээлийг барилга барьж, түүнээ зараад эргэлдүүлэх боломж хомс байна. Харин банкны оролцоогүйгээр, түрээсийн зарчмаар жилийн гурав, ихдээ 5 хувиас хэтрэхгүй хүүгээр хувьд нь орон сууц эзэмшүүлэх зээл гэж харж болно. Яг одоо бид үүн дээр ажиллаж байна. 

-Бүх хувилбар сайнаар, саадгүй явлаа гэж үзэхэд хэзээ энэ ажил эхлэх вэ? 

- Хөрөнгийн асуудал санал тавиад явж байна. Элдэв саад тулгарахгүй бол ирэх оны дөрөвдүгээр сараас эхэлчих боломж бүрэн бий. 

-Улаанбаатар бол маш их утаатай хот. Утааг бууруулах гэж янз бүрийн арга туршиж байна. Одоогийн Засгийн газрын бодлогоор бол түрээсийн орон сууцаар айл өрхийг орон сууцжуулж утаанаас сална гэж үзэж байгаа. Энэ хэр бодитой ажил вэ? 

-Улаанбаатар хотын хүн амын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэхдээ утааны асуудалд гэр хорооллын иргэдийг буруутгах аргагүй. Даарч хөрж, хүйтэн орон гэрт амьдрахыг хэн ч хүсэхгүй учраас л гал түлж, нүүрс шатааж байгаа. Төр иргэдийн цалин хангамжийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгож, боломжийн үнээр орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ төр байшин барина гээд хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд явах нь зохимжгүй. Тиймээс ялгаа, заагаа сайн тохиролцож аваад төр ашиг харахгүйгээр зорилтот бүлгийн иргэдэд өртгөөр нь орон сууц борлуулах, хамруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Харин хувийн хэвшлийнхэн дундаж болон дунджаас дээш давхаргынханд зориулсан орон сууцны төслүүд дээр ашигтай ажиллаад явах нь зөв. Олон улсад ийм л схемээр явдаг. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөр олон улсад түгээмэл байдаг. Засгийн газрын хөтөлбөрт орсон Түрээсийн орон сууцны хөтөлбөр одоогийн байдлаар зөвхөн Төрийн орон сууцны корпорацийн санхүүжүүлсэн төслүүд дээр хэрэгжиж байна. Зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцыг хөдөлгөх гол хүч бол түрээсийн орон сууц. Зах зээл дээр илүүдээд байгаа тэдгээр орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх хэрэгтэй. Ингэж байж иргэдийг орон сууцжуулна, барилгын салбарыг хөдөлгөнө. Мэдээж төр орон сууцнуудыг худалдан авахад эх үүсвэрийн асуудал яригдана. Эх үүсвэрийг дотоодоос шийдвэрлэх боломж хомс. Ялангуяа эдийн засаг хямарсан ийм үед хүндрэлтэй байгаа. Тиймээс төр орон сууц худалдан авах хөрөнгийг улсын төсөвт ачаалал үүрүүлэхгүйгээр бага хүүтэй, буцалтгүй тусламжаар гаднын хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэж харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа учраас барилгын салбарт гадны хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх хэрэгтэй. Орон сууц барьцаалсан эрх үүргийн харилцаа харьцангуй баталгаатай байдаг. Түрээсийн орон сууцны хөтөлбөр үүнтэй адил. 

-ТОСК үндсэн чиглэлийнхээ дагуу, хүчтэй ажиллахад саад болж буй шалтгаанууд бий юү? 

-Шалтаг шалтгаан тоочвол ажил урагшлахгүй. Харин олон улсын сайн жишгүүдээс аваад хэрэгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Туркийн Засгийн газар ТОСК-тай төстэй газартаа ажил хийх эрх мэдлийг нь олгосон байдаг. Тэр газар нь иргэдтэйгээ тохиролцож, дахин төлөвлөлт хийж барилгаа бариад үлдсэн газраа дуудлага худалдаанд оруулж, хөрөнгө босгоод явдаг. Харин ТОСК Монголд бий болоод 12 жил болж байна. Сайн туршлагуудаас судлаад Монголын хөрсөн дээр тохирохыг нь суулгаад явсан бол богино хугацаа биш шүү. 

-ТОСК-ийнхан, танай хамт олон хэр хүчтэй баг вэ? 

-Хүний олон, цөөнөөр биш хамт олныхоо чадвараар дүгнэх юм бол манай баг хүчирхэг шүү. Өнгөрсөн хугацаанд хэдий хөрөнгө мөнгө байхгүй  байсан ч том том ажлуудыг хийж дуусгасан. Шинээр 360 айлын түрээсийн орон сууцын санг бүрдүүлсэн. Хөгжлийн банкны өрөнд барьцаанд байсан “Буянт-Ухаа 2”-ын гэрчилгээг суллан авч иргэдийг өмч хөрөнгөтэй болгосон. Цэцэрлэгийг нь ашиглалтад оруулсан. Мөн шинэ төслүүдийнхээ зураг, бүх зүйлсийг шинэчилсэн. Энэ бүхнийг хамт олны хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр хийсэн. Хугацаа хэтэрсэн чанаргүй гэсэн зээлүүдийг төлж, одоо ТОСК олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход итгэл төрүүлэхүйц санхүүгийн үйл ажиллагаатай болсон. Энэ бол том амжилт. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх