Иргэд хуурамч хаяг руу нэвтэрч, хохирсоор байна


"Фэйсбүүкээ хакердууллаа”, “Фэйсбүүк хаягаар нэвтэрч, чатаар найзуудаас минь мөнгө зээлсэн байна” гэх иргэдийн мэдээлэл сүүлийн үед цахим орчинд нэлээд харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэр олон бүртгэгддэг гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд хүмүүс юуг анхаарах ёстой талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүртэй ярилцлаа.
 
- Хүмүүсийн фэйсбүүк хаяг буюу цахим хаягийг хакердан мөнгө залилсан хэчнээн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна вэ ?
 
- Энэ төрлийн гэмт хэрэг 2016 онд 187 бүртгэгдэж байсан бол 2017 онд 300, 2018 онд 600 болж нэмэгдсэн. Жил ирэх тусам гэмт хэргийн гаралт нэмэгдсэн нь цахим орчинд үйлчлүүлж байгаа иргэдийн тоо өсч насны хязгаарлалт нь залуужиж байна гэсэн үг. Хүмүүсийн ихэнх нь юмыг үзэж харья гэсэн сониуч байдлаас болоод гэмт хэргийн хохирогч болдог. Тухайлбал, “Таны индиан нэр юу вэ”, “Эрэгтэй/эмэгтэй байсан бол ямар царайтай байх вэ” гэх зэрэг сонжоо буюу хуурамч файл руу лайк даран орсноор автоматаар цахим хаягийнхаа нэр, нэвтрэх нууц кодоо алддаг. Үүнээс үүдэлтэйгээр иргэдийн хамгийн их ярьдаг хакердуулах гэмт хэрэг төгс утгаараа үйлдэгддэг.
 
2018 онд цахим орчинд хууль бусаар нэвтрэн утасны үүрэн телефоныг ашиглан гэмт хэрэг үйлдсэн гурван бүлэг 20 этгээдийг дайчлан баривчилж байсан. Үүнээс долоо нь насанд хүрээгүй буюу 14-16 хүүхэд.
 
Тэд 9911, 9910, 9908, 9909, 8811, 8809, 9111 гэх дугааруудыг байршуулаад түүнийхээ дор код тааж хууль бусаар 800 хүний цахим хуудсанд халдсан. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс урд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байдаг. Энэ тохиолдлоор 2018 онд Эрүүгийн цагдаагийн байгууллагад нийт 200 орчим иргэнээс гомдол ирсэн. Шалтгаан нөхцөлийг нь тогтооход хуурамч файл руу нэвтэрч орсноор хувийн мэдээллээ алдсан байгаа юм.
 
- Тэгвэл иргэд цахим хаягийн мэдээллээ алдахгүйн тулд яах ёстой юм бол?
 
- Цахим орчинд маш олон хандалт авах гэсэн хуурамч сайтууд бий. Тэдгээр сайтуудаар ордоггүй байх хэрэгтэй. Гудамжинд явж байхад шууд автоматаар нэвтэрдэг wifi хамгийн их эрсдэлтэй. Үнэ төлбөргүй зүйл ашиглах гэж байгаад гэмт хэргийн хохирогч болох тохиолдол бий. Хамгийн гол нь хүмүүс хувийн мэдээллээ чанд нууцлахын тулд хялбар нууц код хийдэггүй байх шаардлагатай.
 
Ихэнх хүмүүс дан цифрээр нууц кодоо хийдэг. Иргэд яг энэ байдлаасаа болоод л алддаг. Дан цифрээр биш үсэг, тэмдэгт, цифр зэргийг оролцуулан нууц кодоо хийх юм бол таны нууц код түвэгтэй бусад хүмүүс тайлах боломжгүй болох юм. Мөн цахим хаягт ямар нэгэн мэдээлэл ирэхэд онцын шаардлагагүй бол нээж үзэхээс татгалзах хэрэгтэй.
 
Гэмт этгээдүүд мэдээлэл дамжуулах хэлбэрээр “Фишинг” буюу хортой код ашиглан хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуулбарлан гэмт үйлдэлдээ ашиглах нь түгээмэл байна. Хэрвээ цахим орчинд өдөр тутам ажиллах шаардлагатай бол нууц үгээ долоо хоногт, арав хоногт тодорхой хугацаанд заавал сольж байхыг зөвлөж байна.
 
ХҮН ХУДАЛДААЛАХ, БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ, САДАР САМУУН ЗЭРЭГ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ҮЙЛДЭЖ БАЙНА
 
- Цахим орчинд гэмт хэрэг их гарч байгаа нь юутай холбоотой вэ?
 
- 2016, 2017, 2018 онуудыг хооронд нь харьцуулахад жил ирэх тусам цахим орчны хэрэглээ өргөн болж үйлчлүүлэгчийг татах хандлага нь илүү өргөн цар хүрээтэй болж байна. Насны хязгаарлалт заадаггүй учраас тухайн хүн өөрөө хэрэглэж чадаж байвал ямар ч насны хүн хэрэглэх боломжтой. Сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирж байгаа өргөдөл гомдлын ихэнх нь болох залилан мэхлэх, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, садар самуун зэрэг гэмт хэргүүдийг цахим хаяг ашиглан, хохирогчийг олж, үйлдэж байна.
 
Жишээ татахад “Гар утасны хар зах” гэсэн цахим хуудсанд утас зарна гэсэн зарын дагуу нэгэн иргэн утас худалдаж авсан. Гэтэл худалдаж авсан утас нь хулгайн гар утас байсан учраас цагдаад дуудагдсан. Гэтэл цахим хуудсанд утас зарна гэж зар тавьсан хүн нь хуурамч, хаягтай байх тохиолдол их бий.
 
Өөрөөр хэлбэл, тэр хүний халааснаас хулгайлсан гар утсаа цахим хуудсанд зар тавин цахим орчныг ашиглан гэмт хэрэг үйлдэж байна.
 
2017 оноос өмнө хэрэгжиж байсан хуулиар хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдээд хэрэв цахим хуудаснаа зар тавих юм бол хулгайлах гэсэн ганцхан зүйл ангиар шалгадаг байсан бол одоо давхар цахим орчныг ашигласан гэх үйлдлээр хоёр зүйл ангиар давхар шалгаад хоёуланд нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа.
 
РЕСТОРАНД ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ЗӨӨГЧ “ПОС МАШИН ТЭНД БАЙГАА БИ ЗУРУУЛААД ИРЬЕ. ТА КОДОО ХЭЛЧИХ” ГЭЖ ХЭЛЭЭД ИЛҮҮ МӨНГӨ ЗУРУУЛАХ АСУУДАЛ Ч ГАРДАГ
- Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон хүмүүс эргээд цагдаагийн байгууллагад хандсанаар хохирлоо барагдуулах боломжтой юу?
 
- Иргэд цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд шууд л хохирлоо нэхэмжилдэг. Гэтэл цагдаагийн байгууллага тухайн хэргийг үйлдсэн этгээд болон хохирогчийг тогтоох үндсэн үүрэгтэй. Харин гэмт хэрэг үйлдсэн хүмүүс буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо сайн дураараа төлж болно. Хохирлыг төлөхгүй тохиолдолд хохирлыг шүүхийн байгууллага эцэслэн төлүүлнэ. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан тоо баримтууд л гардаг.
 
- Иргэд худалдааны төв болон хоолны газар үйлчлүүлэхдээ төлбөрийн картны нууц кодоо өөрөө хийдэггүй худалдагчид чанга дуугаар нууц кодоо хэлчихдэг. Энэ нь эргээд өөрөө хохирогч болох эрсдэл үүсгээд байна гэж боддоггүй шүү дээ?.
 
- Зөөгч олон хүмүүсийн хажууд “Таны код хэд вэ” гэж асуудаг. Уг нь нууц код нь тухайн хүний цахим төлбөр тооцооны аюулгүй байдал. Хүмүүс төлбөрийн картын нууц кодоо бусдад хэлснээр ямар нэгэн эрсдэлгүй миний төлбөрийн карт биед минь байгаа гэж боддог. Гэхдээ картаа түрийвчиндээ хийгээд булан тойроход хэн нэгэн таны биед гэмтэл учруулахыг үгүйсгэхгүй.
 
Ресторанд үйлчлүүлэхэд зөөгч “пос машин тэнд байгаа би зуруулаад ирье. Та кодоо хэлчих” гэж хэлээд илүү мөнгө зуруулах асуудал ч гардаг. Төлбөрийн картын аюулгүй байдлыг хувь хүн өөрөө л нууцлах ёстой. Нийтлэг тохиолдлуудаас дурдвал хүмүүс түрийвчиндээ банкнаас анх карт авахад нь олгосон нууц дугаарыг солилгүй тэр цаасаа төлбөрийн карттайгаа хамт хадгалдаг. Эсвэл картынхаа арын хэсэгт нууц дугаараа бичдэг. Энэ нь ялангуяа ахимаг насны хүмүүс буюу 40-өөс дээш насны хүмүүст ажиглагддаг.
 
Гэтэл банк тухайн хүнд шинээр төлбөрийн карт олгохдоо дөрвөн оронтой кодыг эхэлж хийгээд заавал солиорой гэсэн заавар өгдөг. Гэсэн ч хүмүүс нууц кодоо солиогүйгээс болоод түрийвчээ алдахад нууц код болон төлбөрийн карт нь хамт алдагддаг. Тэгээд данснаас нь бэлэн мөнгө хаанаас хэн авч байгаа нь мэдэгдэхгүй гардаг.
 
Цагдаагийн байгууллагаас пос машин уншдаг зарим дэлгүүр, бар цэнгээний газрууд төлбөрийн картын ямар ч кодгүйгээр шууд зурдаг асуудлыг илрүүлэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож байна. 2017 оноос хойш төлбөрийн картын нууц дугаар асуухгүй зурахыг хатуу хориглож байгаа. Учир нь тухайн хүн төлбөрийн картыг хулгайлж авсан ч байж болох учраас төлбөрийн картын нууц кодыг нэхэхгүйгээр шууд зуруулах нь гэмт хэргийн шинжтэй бусдын хувийн мэдээлэлд халдаж байна гэж үзнэ.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх