Дэлхийд анх удаа ХДХВ-ийн халдвартай хүний бөөрийг шилжүүлэн суулгажээ

Дэлхий Admin Today 2019 03 сар 29 437

 

АНУ-ын эмч нар дэлхийд анх удаа ХДХВ-ийн халдвартай хүний бөөрийг уг вирусийн халдвартай өөр нэгэн хүнд шилжүүлэн суулгасан байна.

Мэриленд муж улсын Балтимор хот дахь Жонс Хопкинсийн нэрэмжит эмнэлэгт дээрх мэс заслыг хийсэн бөгөөд өвчтнүүдийн биеийн байдал сайн байгаа ажээ.

“ХДХВ-ийн халдвартай хүний бөөрийг бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн дэлхийн анхны тохиолдол энэ болсон” гэж эмч Дорри Сегев хэлсэн байна. Урьд нь бөөрөө шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн өвчтөний бөөрний өвчинд ХДХВ нь ихээхэн эрсдэл учруулсан хэмээн таамаглаж байжээ. Харин шинэ төрлийн ретровирусийн эсрэг эмнүүдийг түүний өвчнийг эдгээхэд ашигласнаар бөөрийг шилжүүлэн суулгахад аюулгүй болсон байна.

Жонс Хопкинсийн нэрэмжит эмнэлгийн мэргэжилтэн, хавдар судлалын ухааны дэд профессор Кристина Дюран хэлэхдээ, энэхүү мэс засал нь ХДХВ-ийн талаарх олон нийтийн үзлийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ анагаах ухааны хөгжил улам өндөр түвшинд хүрч буйг харууллаа гэжээ. Мөн тэрбээр, "бид маш их баяртай байгаа, одоо урт хугацааны үр дүнг хянах л үлдлээ" гэж хэлжээ.

Дээрх мэс заслыг энэ долоо хоногийн даваа гарагт хийсэн бөгөөд бөөрөө шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн Нина Мартинез, “сайхан санагдаж байна” гэж хэлжээ. Бөөр шилжүүлэн суулгуулсан хүний хувьд нэрээ нууцлахыг хүсжээ. Түүний биеийн байдал сайн байгаа гэж Д.Дюран мэдэгдсэн байна.

ХДХВ-ийн халдварын эмчилгээнд маш чухал ахиц дэвшил гарсны дараахан энэ явдал болсон юм. ХДХВ-ийн халдвартай хэмээн олон жилийн өмнө оношлогдсон өвчтөнд үүдэл эсийн эмчилгээ хийсний дараа түүний биеэс уг вирусийн халдвар илрээгүй талаар “Nature” сэтгүүл энэ сарын эхээр мэдээлсэн билээ.

Уг өвчтөнийг ХДХВ-ийн халдвар нь үгүй болсон дэлхийн хоёр дахь хүн хэмээн нэрлэж байгаа юм. Өмнө нь Берлин хотын оршин суугчийн ХДХВ-ийн халдвар эдгэрч байсан бөгөөд түүнд мөн үүдэл эс суулгаж байжээ. 

2017 оны байдлаар, дэлхий дээр 37 сая орчим хүн ХДХВ-ийн халдвар тээн амьдарч байна. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг халдварыг “олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй хамгийн том эрслүүдийн нэг” гэж үзсэн хэвээр байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх