Багш нарт илүү цагийн хөлсийг нөхөж олгоно

Улс төр Admin Today 2019 04 сар 03 197

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын нэмэлт цагийн цалин, хөлс олгох тогтоолыг баталжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.

Цэцэрлэгийн багш долоо хоногт дунджаар 40 орчим цаг илүү ажилладаг ч ердөө 16 цагийн цалинг авдаг байна. Тиймээс цаашдаа илүү цагийн цалинг бүрэн олгох, 2019 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд ажилласан илүү цагийн хөлсийг нөхөж олгох болжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт илүү цагийн хөлс олгох асуудлыг тогтоолд тусгасныг Ё.Баатарбилэг сайд онцлов.

Тэрбээр, “Улсын хэмжээнд нийт 22.3 мянган цэцэрлэгийн багш бий. Цэцэрлэгийн багш нарын цалинд 213.8 тэрбум төгрөг төсөвлөсний 6.9 хувь буюу 14.7 хувь нь БСШУС-ын сайдын багцад бий. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 46.8 мянган багшийн цалинд 512 тэрбум төгрөг төсөвлөснөөс 20 тэрбум нь салбарын сайдын багцад бий. Багш нарын илүү цагийн хөлсийг БСШУС-ын сайдын багцаас гаргах юм. Түүнчлэн өнөөдөр Засгийн газраас “Баян Монгол” чуулгын хөгжим, хэрэгслийг шинэчлэх шийдвэр гаргалаа. Уг чуулгын 50 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчилах ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн. Тиймээс уг чуулгыг дэмжих, шинэ уран бүтээл туурвих боломжийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа” гэв.

Мөн тэрбээр өчигдөр буюу энэ сарын 02-нд бүх ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулахыг хориглох тушаал гаргаснаа танилцууллаа. Өндөр хөгжилтэй орнуудад бага ангийн хүүхдүүдийг одон, медаль зүүлгэж өрсөлдүүлдэг жишиг байхгүй гэдгийг БСШУС-ын сайд дурав. Харин  бага ангийн хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх, эх түүхээ танин мэдэх, ахмад настныг хүндэтгэх ёсонд сургах багийн уралдаан зохион байгуулахыг дэмжинэ хэмээв.

Мөн төгсөх ангийн сурагчдыг улсын шалгалтад бэлтгэх зорилгоор 9 болон 12 дугаар ангийн сурагч, багш нарыг БСШУСЯ-наас баталсан олон улсын болон дотоодын төрөлжсөн олимпиад, Монголын хүүхдийн спортын наадмаас бусад уралдаан, тэмцээнд оролцуулахгүй аж. Түүнчлэн багш нарыг орон нутгийн захиргаанаас зохион байгуулдаг аливаа ажилд татан оролцуулах, төрөл бүрийн уралдаан, тэмцээн, олимпиадад оролцох сурагчдаас хураамж авахыг хориглосон байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх