Хотын даргын ахын компанийг Монголын төр дийлэхгүй байна


“Зүүнбаян рефайнери” компанийн өмнө Монголын төр аргаа барьж эхэллээ. Туулын бургасыг хэдэн мянгаар нь хядаж, тансаг хаус барьж эхэлсэн ч үйл ажиллагааг нь зогсоогоод хариуцлага хүлээлгэчиж чадахгүй байна. Байгаль орчны сайд  Н.Цэрэнбат хүртэл хүчин мөхөсдөөд байгаагаа мэдэгдлээ.  Тэрбээр өчигдөр “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал миний хяналтаас гарсан. Уг нь хууль зөрчиж эхлэхэд нь манайх мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл хүч түрээд л барилгаа барьсан. Үндсэн газрын зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй болох ёстой” гэлээ. Салбарын сайд нь хүртэл зогсоож дийлэхгүй, аргаа барчихжээ.

“Зүүнбаян рефайнери” компани 2008 онд газрын зөвшөөрлөө авч, Туулын бургасыг хядаж, 50 айлын тансаг хаус сүндэрлүүлэх төслөө эхлүүлсэн. Анх зөвшөөрөл авахдаа аялал жуулчлалын “Их тэнгэр” цогцолбор барина гэж байжээ. Гэсэн ч явцын дунд тэр нь хаус болон хувирсан байдаг. Тэднийг  хууль зөрчсөн хэмээн 2017 онд тухайн үеийн Байгаль орчны сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан. Одоо ч яамны тэр байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Ямар ч зөвшөөрөлгүй гэсэн үг. Салбарын яамнаас тус компанийн хууль зөрчсөн үйлдлийг нь зогсоохын тулд дэд сайдаар ахлуулсан албаны хүмүүс тухайн газар хоёр гурав очиж, барилгыг нь албадан буулгах шаардлага тавьсан ч хамгаалагч нар нь хашаа руугаа нэвтрүүлдэггүй байжээ. Түүнээс хойш “Зүүнбаян рефайнери” компани үйл ажиллагаагаа явуулсаар одоогоор барилгын ажилд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан байна. Мөн байгаль орчны хохиролд 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн ч энэ асуудал шүүхийн шатанд яваа юм байна.

Тэгвэл тус компанийг Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын өмчлөлийн компани гэдэг. Одоогоор тэнд хаусын барилгын ажил үргэлжилж байна. Зар сурталчилгаагаа ч эхлүүлсэн бөгөөд тансаг хаусаа нэгийг нь гурван тэрбум төгрөгөөр үнэлэн зарахаар төлөвлөж байгаа гэх. Нийт дүнгээр нь тооцвол 150 тэрбум төгрөгийн орлого олохын тулд Туул голын “ам”-ыг барихаар улайрч байгаа хүмүүс юм. Ийм л том компани Монголын төрд дийлддэггүй дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2019 04 сар 11

нураагаач