ЕБС, цэцэрлэгийн удирдлагыг Засаг дарга нар томилж, чөлөөлөх эрхийн хэрэгжилтийг хойшлууллаа

Улс төр Admin Today 2019 04 сар 12 214

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2019.04.11) үдээс хойших хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, холбогдох тодруулгуудыг хийсэн юм. Иймд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа. 

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдийн” гэснийг “суралцагчийн” гэж, “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй” гэснийг “сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, оролцогчийн эрх, үүрэг, хариуцлага, хяналт тавихтай" гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.6 хувь нь дэмжив. Түүнчлэн төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Бага, дунд боловсролын тухай хууль," гэсний дараа “Баяжуулсан хүнсний тухай хууль,” гэж нэмэхийг 73.9 хувийн саналаар, төслийн 3 дугаар зүйлийн гарчгийн “хамрах” гэснийг“үйлчлэх” гэж өөрчилж, мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн “дотуур байрны” гэсний дараа “хүүхдийн” гэж нэмэхийг 78.3 хувийн саналаар тус тус дэмжлээ.

Мөн төслийн нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэлд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд баримтлах зарчмын талаарх агуулга бүхий 5 дугаар зүйл шинээр нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжсэн. Мөн сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжийн талаарх зохицуулалт бүхий төслийн 6 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөлийн талаарх зохицуулалт бүхий 8 дугаар зүйл, сургуулийн хоол зүйчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт бүхий 9 дүгээр зүйлийг тус тус шинээр нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 38 санал томъёолол бэлтгэн ирүүлсний 30 дахь санал буюу төслийн 8 дугаар зүйлд аймаг, нийслэлийн боловсролын газар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар хэрэгжүүлэх чиг үүргийн талаарх 8.6 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүй. Иймд ажлын хэсгээс “Төслийн 8 дугаар зүйлийн “8.5.4" гэсэн заалтын дугаарыг “8.5.5" гэж өөрчлөн, мөн заалтын “энэ хуулийн 5.5-д заасан” гэсний дараа “төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол зүйчээс бусад” гэж нэмэх” гэсэн саналаа татахаар шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Анхны хэлэлцүүлгийг явуулсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 8 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. 

ЕБС, цэцэрлэгийн удирдлагыг Засаг дарга нар томилж, чөлөөлөх эрхийн хэрэгжилтийг хойшлууллаа 

Хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар боловсролын салбарын томилгоог мэргэжлийн байгууллагаас зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллах, мэргэших, шатлан дэвших нөхцөлийг бүрдүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлага бий гэдгийг хэлж байв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 58.5 хувийн саналаар дэмжив.

Иймд сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрх 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих байсныг хойшлуулж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгох агуулга бүхий дээрх төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь дэмжснээр хуулийн төсөл батлагдав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх