Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

Улс төр Admin Today 2019 04 сар 19 198

УИХ-ын чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн холбогдох хэсэг, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалтын холбогдох хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3, 112 дугаар зүйлийн 112.9 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.7-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлж захиргааны эрх зүйн суурь үзэл баримтлал, ерөнхий зарчмыг алдагдуулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаарахгүй байх, харилцааг тухайлсан хуулиар зохицуулах, мөн Захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлдэггүй байх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Захиргааны өрөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, санал хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаарЗахиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх