Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлыг зөвшилцөн дэмжлээ

Улс төр Admin Today 2019 04 сар 19 120

УИХ-ын чуулганы 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг зөвшилцлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг болоод бусад хуульд заасныг үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн болохыг танилцууллаа.

Нэр дэвшигч Максимын Чинбат нь 46 настай, эрэгтэй. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Тэрбээр Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ. 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна. 

Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигч Содонгийн Алиманцэцэг нь 47 настай. 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Нэр дэвшигч С.Алиманцэцэг нь Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллаж байжээ. 2005-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2012-2014 “МИАТ” ТӨХК-д хуулийн хэлтсийн даргаар ажилласан байна. 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2015 онд дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хяналтын прокурор, 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт туслах прокурор, 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаа гэв.

Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлыг 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлыг зөвшилцөж дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, Прокурорын байгууллагын шинэ үеийн түүхэнд бараг анх удаа прокурорын байгууллага дотроос нь тус байгууллагын удирдлагыг бүрдүүллээ хэмээн мэдэгдсэн.

Тэрбээр Монгол Улсын хууль дээдлэх ёсны үзүүлэлт Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар доогуур гарсныг дурдаад, Дэлхийн банк, олон улсын болоод хөндлөнгийн байгууллагуудын зүгээс манай улсын хууль дээдлэх ёс, авлигын асуудлаар хийсэн судалгааны дүнгээр та бүхний ажил үнэлэгдэх болно гэдгийг анхааруулсан. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн хэлсэн санал, зөвлөгөөг анхаарч, Монгол Улсад хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх