Өмгөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр Admin Today 2019 04 сар 19 131

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн  Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан.

2012 онд Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон бөгөөд өдгөөг хүртэл Өмгөөллийн бие даасан хуульгүй явж ирсэнийг тэрбээр танилцуулгын эхэнд онцолсон. Үүнээс болоод өмгөөллийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт задарсан, үүнийг дагаад өмгөөллийн үйл ажиллагаа асар ихээр доголдох байдал бий болсон учир хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн гэлээ. Долоон бүлэг бүхий хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн нийтлэг үндэслэл болох хуулийн зорилтыг зарчим, нэр томьёоны тодорхойлолтыг тусгажээ.

Хоёрдугаар бүлэгт өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгохтой холбогдсон зохицуулалтыг тусгаж, гуравдугаар бүлэгт өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулж өмгөөлөгч, түүний туслах, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлага, өмгөөлөгчийн тангараг, өмгөөлөгчид хориглох зүйлийг тусгасан байна. Удаах бүлгүүдэд өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн үйл ажиллагааны хэлбэр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалт, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам болон хүлээлгэх хариуцлагын төрөлтэй холбоотой зохицуулалтууд, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Өмгөөлөгчдийн холбоотой харилцах, түүний үйл ажиллагаанд тавих хяналттай холбоотой асуудлуудыг тусгасан байна.

Өмгөөллийн тухай хууль хэрэгжиж байхад нийт дүнгээрээ 2500 орчим өмгөөлөгч ажиллаж байсан бөгөөд 2012 онд хуулийг хүчингүй болгож, бүртгүүлээд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах дэглэм тогтсоноос хойш өмгөөлөгчдийн тоо 5000 давсан хэмээн Ц.Нямдорж сайд мэдэгдсэн. Хамгийн ноцтой нь өмгөөлөгчтэй ёс зүйн хувьд харилцах, хариуцлага тооцох бололцоо байхгүй болсон гэж тэрбээр нэмж хэлсэн.

Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. Дээрх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өмгөөллийн үйл ажиллагааг зохицуулах тусгайлсан хууль шаардлагатай бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад өмгөөлөгчдийн эрх, үүргийг тодорхой тусгах, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өмгөөллийн бие даасан хууль батлагдсанаар цаашид хуульчдын холбооны үйл ажиллагааны талаарх асуудлыг тодорхой болгох, УИХ-ын гишүүн Л.Болд иргэд өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа явдал удаа дараа давтагдаж байгаа тул өмгөөлүүлэх эрхийг хангах хуультай байх хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байсан гэлээ.

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх