Н.Пүрэвдорж: Нэг өдөрт 2000 жолооны үнэмлэх хэвлэж байна


Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхлэн хэвлэж эхэлжээ.

Багагүй хугацаанд бэлдэц байхгүй гэх шалтгаанаар саатсан байсан үнэмлэх хэвлэх ажил хэдэн хувьтай явагдаж байгаа талаар  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Багагүй хугацаанд бэлдэц байхгүй гээд хэвлэгдэхгүй байсан жолооны үнэмлэхийг хэвлэж эхлээд 10 хонолоо. Өнөөдрийн байдлаар хичнээн үнэмлэх хэвлээд байна вэ?

-Өнгөрсөн жил тендерт шалгарсан байгууллага графикийнхаа дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд бараа материалаа нийлүүлсэн учраас жолооны үнэмлэх хэвлэлт энэ сарын 15-наас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 мянга орчим үнэмлэх хэвлээд байна. 

-Лицензийн төв өдөрт хэчнээн үнэмлэх хэвлэх хүчин чадалтай вэ?

-Өдөрт 2000 үнэмлэх хэвлэх хүчин чадалтай. Хүлээлтэнд маш их үнэмлэх байгаа учраас манайх бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа.

-Үнэмлэх захиалсан хүмүүс үнэмлэхээ ээ гарсан эсэхийг  яаж мэдэх вэ. Өөрсдөө очиж авах уу?

-Үнэмлэхээ гарсан эсэхийг 70191515 утаснаас асуух боломжтой. Ангилал ахиулсан болон шинэ жолооч болсон хүмүүс курсээсээ авна. Одоогийн байдлаар манай төвд захиалга өгсөн хүмүүсийн хэвлэж эхлээгүүй байна. Харин Дүнжингарав дээр захиалга хүмүүсийн үнэмлэхийг хэвлэгдэнгүүт нь Дүнжингарав руу явуулж байгаа. 

-Эхний ээлжид хэзээ захиалсан хүмүүсийн үнэмлэх хэвлэгдэж байгаа вэ?

-Үнэмлэх авах хүсэлтээ өгсөн дарааллын дагуу үнэмлэхийг нь хэвлэнэ. Өөрөөр хэлбэл, 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр захиалсан хүмүүсийн үнэмлэх түрүүлж гарна гэсэн үг.  Гэхдээ эхний ээлжид бид ангилал ахиулсан болон шинэ жолооч болсон хүмүүсийн үнэмлэхийг хэвлэж байна. Үнэмлэхээ солиулах материал өгсөн болон хаясан гээсэн 30 гаруй мянган хүн байгаа тэдгээр хүмүүсийн үнэмлэхийг одоогоор хэвлэж эхлээгүй байна. Удахгүй хэвлэж эхэлнэ. Өөрийнхөө үнэмлэхийг яг хэзээ хэвлэгдэхийг нь мэдэхийг хүссэн хүмүүс 70191515 утасанд холбогдоод асуух боломжтой. Харин өнөөдөр үнэмлэх хэвлүүлэхээр захиалгаа өгч байгаа иргэдийн үнэмлэх 30-40 хоног хүлээгдэж байж үнэмлэх нь гарна. Энэ хугацаанд түр үнэмлэх өгч байгаа.  

-Хүлээлтэд байгаа үнэмлэхүүдийг хэдий хугацаанд хэвлэж дуусгах боломжтой вэ?

-Ирэх зургаадугаар сарын дундуур гэхэд үнэмлэхээ хэвлэж дуусгаад хэвийн горимондоо орчихно гэж тооцоолж байгаа. Хэвийн горимондоо орчихвол өнөөдөр захиалсан үнэмлэх 3-5 хоногийн дотор хэвлэгдэнэ.

-Жолооны шар үнэмлэх солих ажил юу болж байгаа вэ?

-2008 оноос өмнө жолооны шар үнэмлэх авсан 200 мянган иргэн бий. Энэ 200 мянган иргэн үнэмлэхээ саарлаар солих үйл явц үргэлжилж байгаа. Гадаадад олон жил амьдарсан болон хөдөө мал малладаг гэх мэт солиулах боломжгүй хүмүүс их байгаа. Тэдгээр хүмүүс хэзээ ч хамаагүй боломжтой үедээ үнэмлэхээ солиулах боломжтой. Хот суурин газар байдаг хүмүүсийн хувьд дийлэнх нь солиулчихсан.

-Үнэмлэхээ солиулаагүй жолоочид торгууль ногдуулах тухай яриа гараад байсан?

-Тухайн үнэмлэх хүчингүй учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үзнэ. Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авах ёстой ч замын цагдаагийн алба хаагчид шар үнэмлэхтэй жолоочид хэлж анхааруулж, арга хэмжээ авахгүй байгаа. Хуучин үнэмлэхтэй жолоочийг торгох эрх Замын цагдаагийн газарт байхгүй ч, торгохгүй гээд хуучин үнэмлэхтэйгээ яваад байж болохгүй. Боломжтой бол зайлгшүй солиулах ёстой.

Т.Гэрэл 

ZALUU.COM

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх