Гамшгийн дуут дохиогоор 402 мянган иргэн 94 байршлын аюулгүй талбайд цуглажээ


Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-нд болсон. Нийслэлийн Засаг дарга болон ОБЕГ-ын удирдлагууд сургуулийн үр дүнгийн талаар мэдээлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын захирагч С.Амарсайхан, “Зарлан мэдээллийн дуут дохиогоор 94 байршилд аюулгүй талбайд цуглах дадлагад нийслэлийн орон сууцны 402 мянган иргэн хамрагдсан. Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг 728 ажилтан, алба хаагч 278 техник, хэрэгсэлтэй зохион байгуулж  3111 иргэн хамрагдсан. Эрэн хайх, аврах ажиллагааны дуурайх сургалт зургаан томоохон обьектод болж, 2359 хүн 191 техниктэй оролцлоо. Энэхүү сургууль нь байгалийн гамшиг тохиолдсон үед иргэд, оршин суугчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, хариу арга хэмжээ авах мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой байсан. Анх удаа зохион байгуулсан ч нэлээд үр дүн гарсан гэж дүгнэж байна. Цаашид гамшгаас хамгаалах үүрэг бүхий дүүргийн онцгой комисс, онцгой байдлын хэлтсүүдийн чадавхыг сайжруулж, тоног төхөөрөмжийн тоо хэмжээг нэмэх шаардлагатай гэж үзсэн. Зарлан мэдээллийн дуут дохио захын хорооллоор сонсогдохгүй байгаа гомдол, санал ирсэн. Тиймээс цаашид дуут дохиог нэмж байршуулна. Мөн иргэдийн цуглах 111 байршлыг нягталж, шинэчлэн тогтоох санал ирсэн. Иж бүрэн сургуулийг зөвхөн энэ жил биш, цаашид уламжлал болгон тогтмол зохион байгуулах бөгөөд тэр хэмжээгээр иргэн бүр өөрийн болон өрөөлийн эрүүл мэндийг авран хамгаалах чадвар мэдлэгтэй болно” гэв.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Энэ удаагийн сургуулийн гол зорилго нь иргэдэд аюулгүйн талбайгаа мэдэж авах байсан. Нийслэлийн хэмжээнд 402 мянган иргэн цуглана гэдэг чамлах тоо биш. Дээрх зорилгоо хангалттай биелүүлж чадсан. Мөн энэ сургуулиар, байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулахаар команд штабын дадлага хийсэн. Энэхүү дадлагад нийт 80 байгууллагын 900 гаруй удирдах албан тушаалтан оролцсон. Энэ сургуулийн үр дүнгээр, бид байгууллага хоорондын уялдаа, холбоог олж харахаас гадна цаашид анхаарах чиглэлээ тодорхойллоо. Энэхүү сургуулиас гарсан үр дүнг Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулна” гэв.  

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх