Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ


Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Цагааннуур тосгонд тарваган тахал гарч, 37, 38 настай гэр бүлийн хоёр хүн нас барж, 2-13 насны дөрвөн хүүхэд өнчирсөн эмгэнэлтэй хэрэг гарсан. 

Тэгвэл, Баян-Өлгий аймагтай хөрш зэргэлдээ байдаг Увс аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд тарваган тахлын сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн  байна. Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээг зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн өчигдөр орой 23.26 цагт хөдөлсөн байна. Одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн бөгөөд аймгийн онцгой комисс хуралдаж, Улаангом сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг тогтоож, гарах орох бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.  

Энэ талаар Увс аймгийн ОБГ-ын орлогч дарга Д.Өлзийтөөс тодруулахад, "Увс аймгийн Түргэн сумын Рашаант баг Суугийн шил гэдэг газарт хаваржиж байсан иргэн М тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй гэх оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хүргэгдэн ирсэн байна. Одоогоор өндөр халууралттай, булчирхай нь цочсон байдалтай байна гэсэн мэдээллийг бид авсан. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Өнөөдрөөс эхлээд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргасан. Мөн агаарын тээврийн үйлчилгээг 72 цагаар зогсоох шийдвэр гарсан байгаа" гэв.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх