Малын төлийн хүйсийг сонгож хээлтүүлэх боломжтой боллоо...


Анх 1958 “Зохиомол хээлтүүлгийн станц” нэртэйгээр байгуулагдаж, 2006 онд “Малын удмын сангийн үндэсний төв” болон өөрчлөгдсөн 61 жилийн түүхтэй, Монголын мал аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлж ирсэн байгууллага өнгөрсөн онд “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг шинээр байгуулсан билээ.

Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах тус цогцолборын үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцсан юм. Мөн энэ үеэр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Швейцарь улсаас өндөр ашиг шимт мах-сүүний чиглэлийн 6 бухын хүйс жолоодсон 1200 тун гүн хөлдөөсөн үр 12800 нийт 14000 тун үр хүлээж авах үйл ажиллагаа боллоо.

Малын удмын сангийн үндэсний төв нь дотоод, гадаад шилмэл малын үр үйлдвэрлэл, мал үржүүлгийн ажил, үйлчилгээ, генийн сан, цөм сүргээс бойжуулсан стандартын шаардлага хангасан үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч малын борлуулалт, шингэн азотын үйлдвэрлэл, малын ээмгэнд бар код хийж хэвлэх, сүүний үхрийн удам, гарваль ашиг шимийн бүртгэл мэдээлэл, мал үржүүлэг, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлийн технологийн сургалтууд гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулдаг байна.

2018 оны байдлаар монгол улсад анх удаа нөхөн үржихүй биотехнологийн чиглэлээр бүрэн тоноглол бүхий үр үйлдвэрлэлийн лабораторийг ашиглалтад оруулан гойд ашиг шимт хээлтүүлэгч малаас үр үйлдвэрлэсэн. Малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийг горимыг мөрдүүлэн Дархад ,Үзэмчин, Эдельбаев үүлдрийн хуц, Эрчим хар, Баяндэлгэрийн улаан үүлдрийн ухна, Швецийн бор, Герефорд үүлдрийн бух зэрэг хээлтүүлэгч малаас нийт 21.000 тун үрийг технологийн дагуу үйлдвэрлэн генийн санд баяжилт хийжээ.

Малын удмын сангийн үндэсний төвийн үндсэн үйл ажиллагааг  явуулахад хээлтүүлэгч, хээлтэгч малыг импортлон оруулж худалдан авах  шаардлагатай байгаа аж.  Тодруулбал Каракуль, Алтай, Цигай, Сараджин, Гиссар, Грузин, Дон, Ангор үүлдрийн бог малын шилмэл хээлтүүлэгч, сүү-махны чиглэлийн дэлхийг бухын үнэлгээгээр үнэлэгдсэн бухыг импортлоход эхний ээлжид бух-20, хуц-50, ухна-30, азарга -10 толгой малыг худалдан авах хэрэгцээ шаардлага байгаа юм байна. Мөн малын ногоон тэжээл тариалах тариалангийн талбай, хөдөө аж ахуйн зориулалттай машин техник, тухайн цогцолбор дээр ажиллах мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажилчдын орон сууцжуулах асуудлууд тулгамдаж буйг тус төвийн захирал Д.Цолмон ярьж байлаа.

Малын удмын сангийн сангийн үндэсний төв Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Швейцарь улсаас өндөр ашиг шимт мах-сүүний чиглэлийн 6 бухын хүйс жолоодсон 1200 тун гүн үрийг оруулж ирсэн юм.

Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон: “Эр, эм төлийг сонгож гаргах, мөн сүүний, махны чиглэлийн тугал гаргах боломжтой хүйс жолоодсон үрийг Монголд анх удаа Швейцарь улсаас нийлүүлж  байна. Үүлдрийн хувьд Алатау, Ангус, Герефорд, Лимузин, Симменталь гэсэн мах, сүүний чиглэлийн үр ирсэн байгаа. Энэ жил Швейцарь улс “Шилдэг бух” шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Тэр шилдэг бухны хүйс жолоодсон үрүүдийг бид хамгийн хямдаар оруулж ирлээ. Удахгүй бид энэхүү чанартай, шилмэл үүлдрийн эцэг мал болон үрээр үйлчлүүлэгчдээ хангана.”

Малын удмын сангийн үндэсний төвийн Генийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Жамбацадимад:

“Малын удмын сангийн үндэсний төвийн үндсэн чиг үүрэг бол Монгол малын  генийг авч үлдэх, ген фондыг хамгаалах, Монголын нутагшсан үүлдэр омгийн малын генийг алдагдуулахгүйгээр чанарыг сайжруулах юм. Манайд 53.000 тун үр хадгалж байна. Үүнд гадны өндөр ашигт шимт малын үр, Монгол улсын устаж үгүй болох эрмэг дээр ирсэн нэн ховор үүлдэр, омгийн малын үр бий.”

"Глобал Монбинко" ХХК-ийн захирал О.Оргил:

“ХХААХҮЯ-аас зарласан тендерт манай компани шалгарч, Швейцарь улсаас хүйс жолоодсон үрийг Монголд анх удаа оруулж ирж, нийлүүлж байна. Хүйс жолоодсон үр гэдэг нь тухайн хүн төлийнхөө хүйсийг эр байлгах уу, эм байлгах уу гэдгээ сонгох боломжтой юм. Бид Монгол нутагт үржиж, өсөхөд хамгийн тохиромжтой Швейцарийн өндөр уулархаг нутгийн үүлдрийн үхрийн үрийг сонгож нийлүүлсэн. Энэхүү үр Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.”

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх