Ерөнхий сайд орон нутагт ямар ажил амжуулж явна вэ

Улс төр Admin Today 2019 05 сар 17 248

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт амьдрал дунд бужигнаж явна. Хэнтийгээс ирээд баруун хязгаарыг зорив. Засгийн газрын шийдвэр газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, мөн мөрийн хөтөлбөртөө туссан зарим томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий цементийн үйлдвэр, усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэх гэхчлэн олон ажлын явцыг нүдээр харж,  гараар тэмтэрч явна.

Энэ үеэрээ иргэдтэйгээ уулзаж Засгийн газрын гурван том зорилтоо танилцуулахын хамт эдийн засгийн өсөлтийг айл өрх бүрт хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа гэдгээ онцолжээ.

Ерөнхий сайд хөдөө орон нутагт ажиллахдаа ямар ажил амжуулж, асуудлыг хэрхэн  шийдвэрлэж байгаа талаар товчлон хүргье.

Хэнтий аймаг: Эзэн Чингисийн нутагт “Түүхэн аялал жуулчлал”-ын  түүчээ ирэв

Хэнтийд тэрбээр хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдэж, зарим нэгнийг нь шууд эхлүүлсэн.  Тухайлбал, Чингис хот-Бэрх чиглэлийн автозамын барилгын ажлыг энэ үеэр эхлүүлэв.  

-Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эхний ээлжинд Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км автозамын барилгын ажлыг эхлүүлж, санхүүжилтэд ямар нэгэн бэрхшээл учрахгүй гэдгийг гүйцэтгэгч нарт сануулж, хариуд нь “ЧАНАР” шаардсан юм. Энэ чиглэлийн эхний 20 км хатуу хучилттай автозамыг 2019 оны арваннэгдүгээр сарын нэгэнд ашиглалтад хүлээлгэж өгөх юм.

-Хэнтий аймаг нь эзэн Чингэсийн төрсөн нутаг гэдэг утгаараа “Түүхэн аялал жуулчлал”-ын бүс болж хөгжих юм. Энэ  хүрээнд ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” нисэх буудлууд, хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолбор байгууламжийг тус тус ашиглалтад оруулахаар болж байна.  

-Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  2012 оноос  эхлүүлсэн ч 2013-2015 онд хөрөнгө оруулалт тасалдаж, барилгын ажил бүрэн зогсоод байсныг шийдлээ. Ниийт 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилгад  өнгөрсөн хугацаанд 7,5 тэрбум орчим төгрөг зарцуулж, 70 хувийн гүйцэтгэл хийжээ. Иймээс үүсээд буй асуудлуудыг судлан, шийдвэрлэх арга хэмжээ авч, хариуцлага алдсан хүмүүст нэхэж хариуцлага тооцох үүргийг  Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад өглөө. Мөн театрын барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулахыг үүрэгдсэн юм.

Ховд аймаг: Баруун бүс удахгүй импортын эрчим хүчний хараат байдлаас гарна

Ерөнхий сайд орон Хэнтийд томилолтоор ажиллаж байсан учир өмнөх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан хойшилж,  ням гарагт хуралдсан. Ерөнхий сайд энэ долоо хоногийн эхний өдөр буюу Даваа гарагт  Говь-Алтай, Ховд аймгийг зорьсон.

Энэ үеэрээ  эхэлж танилцсан ажил гэвэл Ховд гол дээр баригдах УЦС-ын газрыг очиж үзсэн явдал. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдах усан цахилгаан станцын гүйцэтгэлийг эрчимжүүлэхээ илэрхийллээ. Одоо энэ Усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарах юм. Мөн төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаас тэглэгдэж, 100 орчим хүн тогтмол ажлын байраар хангагдана.

Одоогоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих нийт хөрөнгө оруулалтыг 288 сая ам.доллар,  хүчин  чадлыг 100МВт, жилд 300 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ.

-Ерөнхий сайдыг тус аймагт ажиллаж байх үеэр Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил эхлэв. Баруун таван аймгийн цементийн хэрэглээг бүрэн хангах хүчин  чадалтай тус үйлдвэр нь Засгийн газрын 2016-2020 оны  мөрийн хөтөлбөрт туссан ажлуудын нэг билээ.

Энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангана. Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн бөгөөд Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин өндөр буюу нэг тн цементийн үнэ 300 орчим мянган төгрөг байдаг аж.

Тэгвэл ажил нь эхэлж буй  “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ирэх онд ашиглалтад орсноор  нэг тн цементийн өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино гэсэн тооцоог барилгачид гаргажээ.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр 2020 онд үйлдвэр ашиглалтад ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа байна.  

Говь-Алтай аймаг: Алтайчууд цэвэр усны найдвартай эх үүсвэртэй болно

Ерөнхий сайдын хувиар У.Хүрэлсүх  Говь-Алтайд хоёр дахь  удаагаа ирж байгаа нь энэ. 2018 онд баруун таван аймаг,  тэр дундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол тулгамдсан  асуудал болсныг дуулгаж байсан билээ. Үнэхээр ч цэвэр усны хүрэлцээ, хангамжийн хувьд  хамгийн асуудалтай аймаг.  Мөн ч олон сонгууль дамжин яригдсан даа.

Ерөнхий сайд Говь-Алтайг дахиад зорих болсон нь алтайчуудын  ундны устай  холбоотой  байв. Учир нь уг асуудлаар Засгийн газар холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байгаа билээ.  Энэ ажлынхаа явцтай газар дээр нь танилцах нь Ерөнхий сайдын нэг зорилго байв. Одоо Алтайд  Засгийн газрын захиалгаар Австри Улсын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж  байна.  Алтайчуудыг ундны баталгаатай цэвэр устай  болгох төсөл хоёр жилд хэрэгжиж дуусна.

Мөн өнгөрсөн онд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байсан Говь-Алтай аймгийнхны 15 тулгамдсан асуудлаас таван барилгын санхүүжилтийг Улсын төсөвт суулгуулснаар угсралтын ажил үргэлжилж түрүүчээсээ ашиглалтад орж эхэлжээ. Үүнд Ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийн барилга ашиглалтад орж, Онцгой байдлын албаны барилга, Хүүхэд, залуучуудын ордоны барилгын гүйцэтгэл 100 хувь хийгдэж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. 50 ортой хүн эмнэлэг, ЭМШУИС-ийн барилгын угсралт 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Бүтээн байгуулалт гэхээр зөвхөн Улаанбаатарын эргэн тойрноор харах гээд байдаг. Тэгвэл энэ Засгийн газрын үед орон нутагт томоохон бүтээн байгуулалтууд эхлээд байна.  Тухайлбал, Алтанширээтийн Нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар-Дарханы авто зам,  Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам, Ховдын цементийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС гэхчлэн.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Bat amgalan 2019 06 сар 13

goy hiisen baina aa

tsend 2019 06 сар 13

Hurelseh said aa demjij bnaa