Сайхан мэдээ: Аав, хүү хоёр нэг өрөө байртай боллоо


Орох оронгүй, ойчих хаяггүй болсон аав хүү хоёрын тухай манай сайт мэдээлж байсан. Тодруулбал, төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт ДЦП өвчтэй хүүгээ долоон жилийн турш асарч байгаа аав Г.Батхуяг, хэдийгээр долоон настай ч өсөлт нь хоёрхон настай хүүхэд шиг болсон Б.Гэрэлт-Од нар юм. 

Хүүгээ гэсээр яваад өөрийн гэсэн орон гэр төхөөрч амжилгүй айлаар гэр хийн толгой хоргодож ирсэн тэдэнд монголын ард түмэн итгэлийн гар сунгаж, өнөөдөр тэд нэг өрөө байртай боллоо. 100 хувийн асаргаанд байдаг Б.Гэрэлт-Од хүү даарч чийгтсэнээс болж хэвтэрийн хатгаа оношоор аавын хамтаар ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан ч хүүд солих хувцас, хэрэглэх живх байхгүй, ар гэрээс нь эргэлт ирэхгүй эмнэлгийн хоолоор өнждөг байсан. Тэдний энэ байдлыг харсан нэг өрөөнд хамт хүүхдээ эмчлүүлж байгаа ээжүүд түүнд туслах санаачлагыг гаргаснаар хандивын аян эхэлсэн байдаг.

Хандивын аян 16 хоног үргэлжлэхэд 43 сая төгрөг цугласан бөгөөд аав хүү хоёр нэг өрөө байр болон өдөр, шөнө хэзээ ч байсан хүүгээ эмнэлэгт хүргэх автомашинтай болжээ.

Ингээд “Нандин сувд” тархины саажилт ДЦП өвчтэй хүүхдүүдийн аав, ээжүүдийн фэйсбүүк группээс тус хандивын аяныг хааж байгаагаа албан ёсоор мэдэгдэж өчигдөр Г.Батхуягт нэг өрөө байрны түлхүүр болон приус маркийн автомашиныг гардуулан өгсөн юм.

Группийн төлөөлөгчдийн зүгээс “Аав хүү хоёрын талаар анх фэйсбүүкээс олж уншаад ийм өвчтэй хүүхдээ асрах ямар хэцүү байдаг билээ. Тэр дундаа эрэгтэй хүнд бол маш хэцүү гэдгийг ийм өвчтэй хүүхэдтэй эцэг эхчүүд л ойлгоно. Тэгээд энэ хоёрыгоо таван ханатай гэртэй болгочих юмсан хэмээн энэ хандивын аянд оролцож байлаа. Танай сайтын аав хүү хоёрын тухай ярилцлага болон фэйсбүүкээр эхэлсэн мэдээллийн ачаар 6 хоногийн дотор 35 сая төгрөг цугласан байсан. Тэгэхээр нь хүүд дулаахан тохилог гэдэг үүднээс нэг өрөө байртай болгохоор бид шийдсэн. Хандив 16 хоног үргэлжлэхэд 43 сая төгрөг цуглаж, нэг өрөө байр,  приус 11 маркийн автомашинтай болж, Б.Гэрэлт-Од хүүгийн нэр дээр гурван сая төгрөгийн эмчилгээнд зарцуулах хадгаламжийн данс нээсэн байгаа.

Бид цаашдаа энэ хоёрыгоо эргэж тойрч, анхаарал тавьж байна. Хүүг нь намар 9 дүгээр сараас цэцэрлэгт өгөхөөр Г.Батхуяг маань ажил хийх боломжтой болно. Мөн хувиараа такси үйлчилгээнд ч явна гэсэн. Харин аав, хүү хоёр маш их ядаргаа болон шим тэжээлийн дутагдалтай байгаа. Тиймээс энэ зундаа сувилалд хэвтүүлэн тэнхэрүүлэх тал дээр нь туслахаар холбогдох байгууллагуудтай нь ярьж тохирсон байгаа. Яг одоо аав хүү хоёр 14 хоногийн сувилалд хэвтэж байгаа. Өнөөдөр чөлөө аваад ийнхүү иж бүрэн тохижуулсан байрны түлхүүрээ гардан авч байна. Бид айл гэрт хэрэгцээтэй юу байдаг тэр бүгдийг бэлтгэсэн. Зүү утас хүртэл бэлтгэсэн байгаа”  гэв. 

Харин зүүдэндээ ч мөрөөдөж байгаагүй зүйлтэйгээ учирсан хэмээн үгээ зөөн ядан хэлсэн энэ үг нэр дээрээ хаяггүй байсан Г.Батхуягийн хувьд үнэхээр л тэнгэрээс гэнэт буугаад ирсэн бэлэг гэлтэй. Г.Батхуягийг байрны түлхүүрээ гардан авах үеэр нь сэтгэгдлийг нь сонссон юм.

-Олон хүний сайхан сэтгэлийн дэмээр өнөөдөр өөрийн гэсэн байр, машинтай боллоо. Сэтгэгдлээ бидэнд хуваалцахгүй юу?

-Үнэхээр их баярлаж байна. Маш их баярлалаа. Бүр сандраад өөр үг гарахгүй байна. Надад тусалсан Монголын ард түмэндээ болон нэг өрөөнд хамт байсан ээжүүд, “Нандин сувд” группийн аав, ээжүүддээ маш их баярлаж байна. 

-Өмнө нь хүүтэйгээ хамт айлаар л толгой хоргодож байсан бол. Өнөөдөр хүссэнээрээ хөлөө жийгээд унтах гэр оронтой боллоо шүү дээ?

-Би хүүгээ цэцэрлэгт өгчихөөд ажил хийж, хурааж цуглуулж байгаад дөрвөн ханатай гэр ч болов айлын хашаанд бариад амьдарна гэж дотроо бодож явдаг байсан. Гэтэл нэг л өдөр зүүдэндээ ч мөрөөдөж байгаагүй ийм сайхан өргөө гэртэй болно гэж төсөөлсөнгүй. Өдий болтол дүү нарынхаараа л амьдарч байсан. Дүү нар минь намайг хүрээд ир. Манайд бай л гэдэг. Би санаа зовдог ч хүүгээ тэврээд л очдог. Ингэж л амьдарч байсан. Одоо цаашдаа хичээж амьдарна.

-Аав ээж болон ах дүү нарындаа амьдарч байсан шүү дээ. Одоо өөрийг тань байртай боллоо гэх мэдээг гэрийнхэн чинь мэдсэн үү. Хэрхэн хүлээж авч байна вэ?

-Мэдсэн мэдсэн. Хүүгийнхээ өмнөөс ээж нь үнэхээр их баярлаж байна. Ард түмнийхээ итгэлийг дааж, сайн сайхан амьдраарай гэсэн. Би ард түмнийхээ итгэлийг алдахгүй сайхан амьдарна аа л гэж хэлье дээ. 

-Цаашид та хоёр минь хэрхэн, яаж амьдрах вэ. Хүү нь ямартаа ч цэцэрлэгт орох болсон юм байна?

-Тийн зундаа бол ажил хийх боломж байхгүй. Хүүхэд асрах хүн байхгүй. Харин намар цэцэрлэгт өгөөд ажил хийнэ дээ. Тэгээд тухайн үедээ болчих байхаа л гэсэн бодолтой байна.

-Одоо сувилалд хэвтэж байгаа гэсэн. Хүүд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

-Тэжээлийн дутагдалтай байсан. Амин дэмтэй хоол өгч, бариа заслын эмчилгээ сувилгаа хийгдэж байгаа.

-Цаашид хүүгээ хэрхэн сувилах, асрах талаарх мэдлэгээ ахиулж, туршлага хуримтлуулж байгаа байх. Тиймүү?

-Тийм. Тэр талаар заадаг юм. Бага багаар чанартай хооллож байх хэрэгтэй. Мөн байнгын дасгал хөдөлгөөн бариа хийж өгч байх хэрэгтэй гэсэн. Би өмнө нь дандаа бантан хийж өгдөг байсан. Гэтэл энд хүүхдэд өгдөг олон төрлийн амин дэмтэй хоол байдаг гэдгийг мэдсэн. Цаашид хүүдээ амин дэмтэй тэжээллэг хоол өгч байна.  

Х.Соёл

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2019 06 сар 11

Монголчуудын маань тэнэгэр сэтгэл барагдаагуй л байгаа юм байна даа. Нэг хуний зовлон байдаггуй нийтийн зовлон л байдгийг умартаагуй шуу, бид.