Халзан бүргэдтэй хайрханд хайгуул хийхээр өрөмдөж байгаа компани Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарынх уу


-Дуут нутгийнхан  энэхүү шүтээн хайрханаа хэзээ ч ухуулж төнхүүлэхгүй-

 

Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт орших Халзан бүргэдтэй хайрхан бол Ховд нутгийн бахархал.  Буянт голын эх ундарга болох Хүйтэн салаа, Цагаан устаас Бүргэдтэйн гол бүрдэж эх авдаг. Тиймээс энэ  зөвхөн Дуут сумын иргэдийн асуудал биш. Ховд аймгийн төвийн болон Буянт голын сав нутгийн хэдэн мянган ард иргэдийн өмнө тулгарч байгаа цэвэр усны аюулгүй байдал хөндөгдөх хэмжээний асуудал учраас анхаарлын төвд байхаас аргагүй юм. Бүргэдтэй хайрханд Монгол орны Улаан номд орсон нэн ховор амьтан ургамлын жагсаалтад багтсан янгир ямаа, ооч ёл, идлэг шонхор, алтайн хойлог, суусар, булга гэхчлэн  амьтан ургамал бий.

 Хайгуулын ажлын төлөвлөгөөнд заагдсаны дагуу өрөмдлөг хийх газар нь  гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байгаа тул хайгуулын ажил хийх боломжгүй юм.

“Сод маргад” ХХК Дуут суманд өмнөх 7 хоногт ирж өрөмнүүдээ суурилуулсныг сумын Засаг даргын шийдвэрээр ажлын хэсэг гарч,  үйл ажиллагааг нь 2 хоногийн өмнө зогсоогоод байна. Харин компанийн  зүгээс “Бид хууль ёсны дагуу зөвшөөрлөө авсан” гэсэн хариуг өгсөн. Гэвч  хайгуулын лиценз авсан зөвшөөрөл нь анхнаасаа хууль зөрчснийг  дараах баримт мэдээллүүдээс үндэслэн холбогдох байгууллагуудад санал, гомдол хүргүүлээд байна.

Хууль тогтоомжийн хүрээнд “Сод Маргад” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах  хуулийн боломж бий эсэх талаар Дуут сумын удирдлагуудаас тодрууллаа. Тэдний  хэлж буйгаар сумын Засаг дарга захирамж гаргаж, улсын байцаагчаас акт тогтоож, дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон байна.

Гэхдээ асуудлыг нэг мөр шийдвэрлэх үр дүнтэй арга бол АМГТХЭГ  тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн санал өгөх эрхийг зөрчиж, 2008 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 1166 тоот шийдвэрээр  Ховд аймгийн Дуут сумын 31641 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Сод Маргад” ХХК-д хууль бусаар олгосон шийдвэрийг цуцлах явдал юм.

АМГТХЭГ-ын дээрхи шийдвэр гарсан тэр өдөр  Ховд аймгийн тухайн үеийн Засаг дарга Г.Нямдаваа  тус талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос  татгалзсан  санал өгсөн байдаг. Мөн АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын “Сод Маргад” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн улмаас Дуут сумын ИТХ-ын санал өгөх эрх зөрчигдсөн байдаг. Ийм байхад дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл нь өөрөө хууль зөрчин гарсан шийдвэр гэж үзэхээс өөр аргагүй байгаа юм.   

Мордохын хазгай гэгчээр анхнаасаа хууль бус шийдвэр гэдгийг нотлох дараагийн баримт нь  АМГТХЭГ-ын хайгуулын тусгай зөвшөөрөл  гарсан өдрөө 1500 км алслагдсан Ховд аймгийн Засаг даргын гарт хүрээд,  Засаг даргын татгалзсан шийдвэр мөн өдөртөө гарна гэдэг алслагдсан бүс нутаг Ховд аймгийн тухайд ховор тохиолдол. Энд ёстой л нөгөө хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөлөл байсан нь дамжиггүй гэх хардлага төрүүлж байгаа юм.

Учир нь “Сод Маргад” ХХК-ийн захирал Э.Батшугар нь тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү юм. Тэгэхээр эцгийн оролцоо нөлөөлөл байсан гэдэгт  эргэлзэх зүйлгүй мэт. Тодруулбал, “Сод Маргад” ХХК-ийн  үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Эс Си Эн Майнинг” ХХК. Харин  “Эс Си Эн Майнинг” ХХК-ын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь “Эскон” ХХК юм. Энэ  "Эскон" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь  Энхбаярын Батшугар. Тэгэхээр дээрх нотолгоог тайлах нэг үндэслэл энэ байна.

Дээрх хууль бус асуудлуудтай холбоотойгоор  Дуут сумын ИТХ-аас Нийслэл дэх анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тэндээс “Уг асуудлыг АМГТХЭГ-т хандаж шийдвэрлүүлэх нь зохилтой. Учир нь тухайн газрын дэргэдэх хэлтсээс гарсан шийдвэр тул түүнийг харъяалах дээд шатны байгууллага хянаж үзээд шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв дээд шатны байгууллага хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй бол дахин шүүхэд хандах эрх нь нээлттэй” гэсэн хариуг өгчээ. Тиймээс Дуут сумын ИТХ-аас Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт дээрх   хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулж өгөхийг хүсч энэ сарын 08-ны өдрийн дугаар 26 тоот албан бичгээр хандаад байна. 

Хэрэв  тус газар сумын ИТХ-ын гомдлыг хүлээн авч,  1166 тоот шийдвэрээ хүчингүй болговол “Сод Маргад” ХХК хайгуул хийх боломжгүй болно. Тиймээс АМГТХЭГ-ын ирүүлэх хариунаас шалтгаалж Дуут сумын ИТХ-аас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандах эсэх нь тодорхойлогдоно гэсэн үг.

Дуут сумын ИТХ-ын 2016 оны 10/02 дугаар тогтоолоор сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан боловч “Сод Маргад” ХХК-ын  хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл энэ асуудлаар  “Сод Маргад” ХХК Дуут сумын ИТХ-ын 2016 оны 10/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл  гаргасныг  Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан захирамж гарчээ.  

Энэ бүхнээс харвал  Дуут сумын ИТХ болон Засаг даргаас дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг цуцлуулах  чиглэлээр холбогдох шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгааг анзаарч болно.   Түүнээс гадна олон нийтийн дунд сумын удирдлагууд компанид зөвшөөрөл өгсөн мэтээр яригдаж байгаа нь буруу ойлголт гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Асуудлыг хуулийн хүрээнд зөв шийдвэрлэх дараагийн эрх хэмжээ нь одоогийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт тулж очоод байгаа юм. Тиймээс анхнаасаа хууль зөрчин гаргасан шийдвэрээ дахин эргэн харж, орон нутгийн засаг захиргааны шийдвэрийг хүндэтгэн, үүсээд буй нөхцөл байдлыг үнэн зөвөөр шийдвэрлэхийг Ховдчууд нэхэн хүлээж байна.

Дуут нутгийнхан  энэхүү шүтээн хайрханаа хэзээ ч ухуулж төнхүүлэхгүй гэсэн  хатуу байр суурин дээр байгааг АМГТХЭГ-ын  холбогдох албан тушаалтнууд анхаарна бизээ.

Ж.САРУУЛ

ZALUU.COM

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

иргэн 2019 10 сар 22

мах намын ааваас нь асуу. ялангуяа сонгуулийн өмнө болон тэр үед нь