Ч.Жавзан: Хөрсний бохирдол газрын гүний усанд нэвчиж орох эрсдэл үүсэхэд ойрхон байна


ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, доктор Ч.Жавзантай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотын гэр хорооллын худгийн усны чанарын судалгааг хийсэн юм.

-Улаанбаатар хотын гэр хорооллын газар доорхи усны чанарын судалгааг хийсэн юм байна. Судалгааны үр дүн яаж гарав?

-Манай хүрээлэнгээс 2019 онд Улаанбаатар хотын гэр хорооллын газар доорхи чанарын судалгааг хийсэн. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон болоод зөөврийн уст цэгийг энэ судалгаанд хамруулаагүй. Гэр хороололд байгаа гүний худгийн усны судалгааг хийсэн. Гүний худгийн усыг өмнө нь 2013 онд нэг удаа шинжилж байсан юм. Түүнээс хойш орхигдсон байсан. Тэгвэл энэ жил өмнөхөөсөө ямар болсон бэ гэдгийг судлах зорилготой энэ ажлыг хийлээ. 2013 онд шинжилгээ хийхэд шаардлага хангахгүй байсан уст цэгүүдийг хаасан. Түүнээс хойш маш олон албан байгууллаг, аж ахуйн нэгж, хувь хүмүүс гүний худаг гаргасан байна. Тэгсэн мөртлөө шинжилгээнд уст цэгээ хамруулаагүй байсан.

Бид сая нийслэлийн төвийн 6 дүүргийн 130-аад уст цэгийг шинжилж үзлээ. Түүнээс 9 нь эрдсийн агууламж өндөртэй. Эрдэст агууламж өндөртэй уст цэг нь хатуулаг ихтэй байсан. 28 уст цэг нь хатуулаг өндөртэй. Хатуулаг ихтэй усыг байнга уух нь хүний дотор эрхтэнд муу.  Чулуу үүсэхэд нөлөөлдөг гэдэг. Хатуулагтай усыг заавал зөөлрүүлж хэрэглэхгүй бол тохиромж муутай байдаг.

Шинжилгээ хийх явцад Хан-Уул дүүргийн нутагт байрлах уст цэгүүдэд бохирдлын хэмжээ их гарсан. Үйлдвэрийн бүс гэдэг утгаараа усны бохирдол нь илүү байгаа юм. Бид иж бүрэн судалгаа хийсэн. Химийн болон бактерлогийн үзүүлэлтүүд нь ямар байна. Үндсэн үзүүлэлтүүд, хүнд хортой элемэнтүүд байна уу гэдгийг нь иж бүрнээр судалсан. Зарим нэг худгийн уснаас хүнд металл илэрсэн. Энэ удаад бид яг аль байршилд байгаа худагнаас хүнд металл өндөр гарсныг ярих боломжгүй. Дахин нягталж, нарийвчилсан шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа.

-Чанарын шаардлага хангахгүй уст цэгүүдийг цаашид ашиглуулсаар байх юм уу?

-Чанарын шаардлага хангахгүй гэхээр юу юугүй хордчихсон гэсэн үг биш шүү дээ. Тиймээс бид чанарын шаардлага хангахгүй уст цэгүүдийг яаж ашиглах ёстой вэ гэдэгт зөвлөмж өгч байгаа. Харин олон үзүүлэлтээр чанарын шаардлага хангахгүй байгаа уст цэгийг яах аргагүй хаана. Хаах шийдвэрийг бид гаргахгүй. Холбогдох байгууллагуудад нь мэдээлээд, асуудлыг шийдвэрлэнэ. Уст цэгүүдээс бактерлогийн шинжилгээгээр ямар нэг ням, бактер илэрсэн бол ариутгаж, халдваргүйжүүлэх. Бохирдлын үзүүлэлт илэрсэн бол цэвэршүүлэх. Хатуулаг ихтэй байвал зөөлрүүлэх гээд тохирсон технологиудыг сонгох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгч байгаа.

-Гэр хорооллын хөрсний бохирдол их байгаагаас шалтгаалж гүний худгийн ус бохирдож байна гэж ойлгож болох уу?

-Яг хөрсний бохирдолтой холбоотой. Эсвэл ойр орчимд нь ил задгай бие засах газар байгаатай холбоотойгоор бохирдож буй тохиолдол бага гүний худгуудад ажиглагддаг. 10 метр доторх гүнтэй худгаас л тийм бохирдол илэрч байгаа. Харин 10-аас дээш метрийн гүнтэй худгийн уснаас айхтар гадны механик бохирдол харьцангуй бага.  Хөрсний бохирдол газрын гүний ус руу нэвчээд орчихсон гэж арай хэлж болохгүй. Гэхдээ тийм эрсдэл үүсэхээр түвшинд байна. Газрын гүний ус нэгэнт л бохирдчихвол бид цэвэршүүлэх боломж бараг л байхгүй. Яагаад гэвэл ганцхан айлын худаг биш гүний ус тэр чигээрээ бохирдчихдог. Тиймээс судалгааны ажлыг маш хурдан, үр дүнтэй хийгээд, хаана ямар уст цэгийг яаж ашиглах вэ. Бохирдлын эх үүсвэр тухайн орчинд байгаад байвал яаж зогсоох вэ. Бохирыг гүний ус руу яаж нэвчүүлэхгүй байх вэ гэдэг  ажлыг л яаралтай хийх хэрэгтэй байна.

-Гүний худгийн ус хатуулаг ихтэй, эсвэл нэгэнт бохирдчихсон тохиолдолд яаж цэвэрлэх юм бэ. Тийм технологи манайд байдаг юм уу?

-Усны чанарыг сайжруулах чиглэлийн олон янзын төхөөрөмжи манайд ороод ирчихсэн байгаа. Айл өрхийн зориулалттай ч байна. Сум, суурин газрын буюу төвлөрсөн шинжтэй ч бий. Гэхдээ тэр тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд, шууд тавьчихаж бас болохгүй. Усныхаа шинж чанараас хамаараад сонголтоо хийдэг. Хатуулаг ихтэй усанд зөвхөн хатуулаг бууруулах шүүлтүүр л тавих ёстой. Түүнээс биш нано пилтер тавьчихвал эрдсийг нь алга болгочих эрсдэлтэй. Ямар элемент тухайн усанд илүү байна, түүнийг нь багасгах л чиглэлээр тусдаа технологи ашигла. Энэ төхөөрөмж сайн, усыг ийм сайн болгодог гэдэг бол зүгээр л бизнес. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр асуудлыг шийд. Маш өндөр үнэтэй төхөөрөмж тавиад, хамаг эрдэс бодисыг нь шүүчихвэл эсрэгээрээ буруу болно. Тиймээс бид тухайн худаг, уст цэг болгонд тохирсон зөвлөгөө өгч байгаа. Мөн ард иргэдэд энэ бүхнийг таниулах, мэдээлэлжүүлэх ажлыг дүүрэг, хороод бидэнтэй хамтарч хиймээр байна. Тэгвэл илүү үр дүнтэй болно. Бид цаашлаад зөөврийн худаг, албан байгууллагуудын төвлөрсөн усан хангамжид ч шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх