Япон, АНУ, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар уулзжээ

Дэлхий Admin Today 2019 11 сар 18 304

Японы Батлан хамгаалахын сайд Таро Коно, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Жон Кён Ду нар Тайландын нийслэл Бангкок хотноо өнгөрсөн ням гарагт уулзжээ.

Энэхүү уулзалтаар 11 дүгээр сарын 23-нд дуусах тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээний талаар голчлон хэлэлцсэн байна. Японы Батлан хамгаалахын сайд БНСУ-ыг оновчтой шийдвэр гаргана хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Дайны үеийн болон худалдааны асуудлуудын улмаас хоёр талын харилцаа хурцадсантай холбогдуулан Сөүл уг гэрээг сунгахгүй байх шийдвэрийг өмнө нь гаргасан юм.

БНАСАУ баллистик пуужингуудын туршилтыг удаа дараа явуулсан нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулж буйг Т.Коно тэмдэглээд, гурван талын батлан хамгаалахын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухалыг онцолжээ.

БНСУ, Япон гурван орны нийтлэг эрх, ашиг сонирхолд тулгуурласан харилцааг хөгжүүлнэ хэмээн найдаж буйгаа Жон Кён Ду илэрхийлсэн байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд хэлэхдээ, АНУ, Япон, БНСУ нийтлэг зорилтуудад хүрэхийн тулд нягт хамтран ажиллах хэрэгтэй гэжээ.  

Талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахыг уриалсан хамтарсан мэдэгдлийг гаргасан бөгөөд үүнд мөн АНУ, Япон, БНСУ-ыг харилцан мэдээлэл солилцох зэрэг аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалсан байна. 

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх