Монгол Улс шүлхийн вакцинийг дотооддоо үйлдвэрлэдэг боллоо

Эрүүл мэнд Admin Today 2020 02 сар 04 89

Төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит Вирусын вакцины үйлдвэрлэлийн 2 дугаар цехийг өнөөдрөөс /2020.02.04/ эхлэн ашиглалтад оруулж байна.

Энэхүү вирусын вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтанд орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм байна.

1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр,  Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан юм.

Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байгаа юм байна. Монгол Улсад шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх техникийн чадамжийг буй болгох зорилгоор 2014 оноос Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр MON5023  төслийг эхлүүлж Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэлжээ.

Дэлхийн даяаршил, хүн амын өсөлт, суурьшилын нягтаршил, шилжилт хөдөлгөөн, цаг уурын өөрчлөлт, худалдаа, аялал жуулчлалын эрчимтэй хөгжил зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хүн, малын халдварт өвчний дэгдэлт, тархалтын цар хүрээ тэлэхийн зэрэгцээ дэлхийд жилд дор хаяж нэг шинэ халдвар бүртгэгдэж, бүртгэгдсэн халдварын 75 орчим хувь нь мал, амьтнаас гаралтай ба зарим халдвар дахин сэргэх хандлагатай болсон байгаа юм.

Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлж,  Олон улсын атомын энергийн агентлаг 360 гаруй мянган евро-ийн хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын Засгийн газар  уг вакцины технологийг боловсруулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх