ЭМЯ: Зочид буудалд халуурч, ханиалгаж байсан солонгос иргэнийг дуудлагын дагуу очиж авсан

Эрүүл мэнд Admin Today 2020 02 сар 28 351

Өнөөдөр /2020.02.28/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын ээлжит мэдээллээ хийлээ. Үүгээр тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, сүүлийн 24 цагийн дотор тус халдвар есөн оронд шинээр бүртгэгдсэн ба Өмнөд Солонгос, Иран, Япон улсуудад халдварын эрчим чангарч байгаа талаар дурьдлаа.

Мөн өнөөдрийг хүртэл нийт 690 хүнийг тусгаарлаж, ажиглалт, үзлэг шинжилгээнд хамруулсан гэдгийн онцолсон юм. Яг одоогийн байдлаар 302 хүн ажиглалтын байдалд тусгаарлагдаад буй юм байна.

Үргэлжлүүлээд ДЭМБ-ын ажилтан Б.Ариунтуяа,

“Хоёрдугаар сарын 28-ны өглөөний 09:00 цагийн байдлаар БНХАУ-д тус халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдэж, улмаар тус улс дахь нийт халдварын тоо 78824 болсон. Харин БНСУ-д 256 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2022-д хүрлээ. Эдгээрийн 182 нь Тэгү хотоос бүртгэгдсэн бөгөөд нэг өвчтөн шинээр нас барсан. 

ДЭМБ-ын зүгээс вирус хэрхэн хурдацтай тархаж болохыг сануулсаар байна. Хэрвээ шуурхай, зөв зүйтэй арга хэмжээг авч чадвал олон мянган хүний амь насыг аварна гэдэг зөвлөмжийг тус байгууллагаас дэлхийн улс орнуудад хүргүүлсээр байна” гэлээ.

Мөн ЭМЯ-ны зүгээс өчигдөр БНХАУ-д айлчлаад ирсэн төрийн өндөр албан тушаалтнууд бүгд дүрэм, журмын дагуу тусгаарлалтад ороод буй талаар онцолсон юм.

Түүнчлэн ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаасэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ,

“Зочид буудалд нэгэн солонгос иргэн халуурч, ханиалгаж байна гэсэн дуудлагын дагуу ирж ажилласан. Тэр солонгос иргэнийг авч, тусгаарласан. Шинжилгээний хариу гараагүй байгаа” хэмээсэн юм.

Мөн иргэдэд тусгаарлалт, ажиглалт гэсэн хоёр арга хэмжээний ялгааг сайтар ойлгохыг сануулав. Эмнэлзүйн сэжигтэй шинж тэмдэг өвчтөнд илэрсэн тохиолдолд тухайн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч буй. Харин шинж тэмдэг илрээгүй ч халдварын голомтод зорчоод ирсэн иргэдийг шинжилгээ авалгүйгээр тусгаарлаж, ажиглалтад хамруулж байгаа гэдгийг үүгээр онцоллоо.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх