Маргаашнаас улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээнэ


Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр болов. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллах юм. Мөн Батлан хамгаалах яамны харьяа Багабаян дахь амралтын газар болон Цэргийн төв эмнэлэгт 250 ор бэлэн байлгахаар шийдвэрлэв.  Тусгаарлах байрыг:

-  Төрийн болон хувийн өмчит эмнэлэг, сувилал

-  Төрийн болон хувийн өмчит амралтын газар

-  Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байр

-  Спорт цогцолбор, заал гэсэн дарааллаар ашиглана.

Одоогоор сэжигтэй 16 тохиолдлыг нягталж байгаа бөгөөд 309 хүнийг түр тусгаарлаад байна. Ашигт малтмалын экспортын тээврийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан жолооч нарыг ариутгал, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах юм. Мөн ачаа тээврийг аюулгүй, тасралтгүй тээвэрлэх бэлтгэлээ бүрэн хангахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад үүрэг болгов. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор битүүмжилсэн чингэлэгтэй нүүрс тээвэрлэх бэлтгэл ажлыг шалгаж, экспортолж эхлэхээр боллоо. 

Хөдөлгөөн нээснээр 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирнэ

2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээхээр Улсын онцгой комисс шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна. Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Энэ дагуу:

-  Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт

-  Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт

-  Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт

-  Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт

-  Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.  

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар болсон байна. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөжээ. Аймгуудын Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 105-ын бүлэг ч хоёр хоногийн хугацаатай ажиллах юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх